БӨХИЙН ӨРГӨӨГ ДАХИН ХАМГААЛАЛТАД АВЛАА

Монголын Үндэсний бөхийн холбооны гадна өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдөр үймээн болж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хамгаалалтад аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр дахин үймээн гарлаа.

УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөний гадна иржээ. Энэ үеэр нэг залуу хаалгыг гаднаас нь эвдэж, дотогш нэвтрэхийг оролдсон ч хэргийн газраас зугтсан байна. Бөхийн өргөөн дотор хэн ч байхгүйг холбоонынхон хэлж байна. Мөн үйл ажиллагааг нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Бөхийн холбооны асуудал сүүлийн үед улам хурцдаад байгаа. Хамгийн сүүлд допинг хэрэглэсэн таван бөх дээр дахин хоёр бөх нэмэгдсэн бол үүнтэй холбоотойгоор дархан аварга Х.Баянмөнх Авилгатай тэмцэх газарт өөрийн хүсэлтээ өгсөн.

Мөн Бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй шийдвэрийг гаргаад байгаа. Үүнтэй Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд санал нийлэхгүй байгаагаа хэлж наадмын үеэр үймээн гарвал хариуцлагыг одоогийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнийг хариуцаарай гэж мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр дахин Бөхийн өргөөний гадна үймээн гарч Цагдаагийн хамгаалалтад авлаа.

 

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *