Х.Баттулга: Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлжээ.

Б.Цогоо

Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход Төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлон дурдав гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

source: gogo.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *