Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар З.Баянсэлэнгийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн шүүх хурал өчигдөр үргэлжилж, өнөөдөр мөн үргэлжилж байгаа юм. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүж байна.

Шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч тэрбээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хүндэтгэх шалтгаантай хэмээн хурлыг хэд хэдэн удаа хойшлуулсан. Энэ нь цаг хожих гэсэн арга байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь түүнд одоо ямар ч хамгаалалтгүй байхгүй. Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр ялалт байгуулж магадгүй. Тиймээс тэр болтол шүүх хурлыг хийлгэхгүй байхаар цаг хожиж байсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Гэвч шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж, өдгөө гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ “223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр барина гэж төсөв гарсан. АТГ сүүлд хувийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж зөрүү мөнгийг нь З.Баянсэлэнгээс гаргуулах гэж зүтгэж байгаа юм. Зөрүү нь 900 гаруй сая төгрөг. Төрийн байгууллага, тэр дундаа тайлан санхүүг нэг бүрчлэн гаргадаг Сангийн яам тооцоод гаргачихсан байхад АТГ хувийн байгууллагаар тооцуулж 900 сая төгрөг надаар улсад төлүүлнэ гэсэн. Ийм юм гэж байхгүй. 223 айлын орон сууцанд ядарсан зүдэрсэн иргэд амь зууж байгаа. Сангийн яамны тооцоо, үнийн дүн надад хамаагүй. Би бодлого л хэрэгжүүлсэн хүн. Гэтэл мөнгөтэй холбосон нь сонин байна” хэмээн мэдүүлжээ.

Харин түүний хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гаригийн шүүх хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, ТОСК-ийн дарга асан Н.Гантулга нар гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тэд мэдүүлэгтээ “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхимынхан олонхоороо дэмжээд баталсан “Хангай хотхон 223” орон сууц барих төсөл, түрээсийн орон сууц хэрхэн хэрэгжсэн, уг асуудалд Барилга хот байгуулалтын сайдын оролцоо хэр байсан” зэрэг асуудлын талаар мэдүүлсэн аж.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлж байсан Засгийн газрынхан улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж эхлээд байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад өдгөө батлан даалтад гаран, гадуур шалгагдаж байгаа юм.

Тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа билээ.

source: zaluu.com

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *