“Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг, Б.Шинэбаатар нарыг яллагдагчаар татжээ

“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэргийг шалгаж буй АТГ-аас тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг өчигдөр баривчлан саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна.

Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Жаст”, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл гаргуулсан авсан гэх хэрэгт холбогдуулан тус үйлдвэрийн худалдааны хэлтсийн дарга болон хуулийн хэлтсийн дарга н.Амарбат, н.Мөнхжаргал нарыг сэжигтнээр татан саатуулж байсан юм.

Тэгвэл, “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал асан Б.Шинэбаатарыг шинээр нотлох баримт гарч ирсэн тул яллагдагчаар татах хүсэлтээ АТГ-аас прокурорт хүргүүлсэн байна. Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх үедээ, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг улсад үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр хэрэгт үүсгэн гадуур мөрдөн байцааж байсан билээ.

Нийслэлийн прокурорын газарт Б.Шинэбаатарыг яллагдагчаар татах хүсэлт гаргахдаа, “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байхдаа, бусадтай нийлж албаны эрх мэдлээ урвуулан нэр бүхий аж ахуйн нэгжид давуу эрх олгосон, хүнд даацын автомашин авахдаа зах зээлийн үнээс өндөр ханшаар үнэлэн авч улсад нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа хэмээн дурьдсан байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *