Иргэдийн ирүүлсэн мэдээллээр жолооч нарт хариуцлага тооцно

Өнөөдрөөс эхлээд иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор болсон билээ. Тухайлбал, явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль оноох хууль эрх зүйн орчин бүрдсэн юм.

Үүний дагуу Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах программ хангамжийг хийж дууссан байна. Энэ тухай Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

Өнөөдрөөс эхлээд иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оногдуулахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Цагдаагийн байгууллагаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг бичиг, зургаар гээд олон төрлөөр авч байсан. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн зөрчлийн мэдээллийг 2016 оноос эхлэн цахим сайтаар авч эхэлсэн. Энэ үйл ажиллагааг боловсронгуй болгох, хялбаршуулах чиглэлээр гар утасны аппликейшнийг гаргалаа.

Энэхүү аппликейшнийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран гаргасан юм. Иргэд энэхүү аппликейшнээр дамжуулж нэгдүгээрт, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээлэл, хоёрдугаарт, замын хөдөлгөөний зөрчил, тээврийн хэрэгслийг түр саатуулах нүүн шилжүүлэх мэдээлэл, гуравдугаарт зам тээврийн ослын талаарх мэдээллийг хүлээн авна. Мөн зөрчлийн мэдээллийг хүлээн авах юм.

E-Police Аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?

Иргэд гар утасныхаа камераар зөрчлийн мэдээллийг фото хэлбэрээр байршуулан төв серверт мэдээлнэ гэсэн үг. Тухайлбал, тухайн газар дээрх зөрчлийг илгээх юм. Зөрчил гаргаад удсан, эсвэл арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тухай зургийг дахин илгээх, фотошопоор хуурамчаар илгээх гэх мэт аргуудаас сэргийлэхийн тулд зөвхөн тухайн газар дээрх зургийг илгээх байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, E-Police аппликейшний камераар тухайн зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой юм.

Аппликейшнийг гар утсандаа хэрхэн татаж авах вэ?

Бүх төрлийн ухаалаг утсанд татаж авах боломжтой. Android болон IOS үйлдлийн системтэй гар утасны “Play store”-д өнөөдрөөс эхлэн байршиж байгаа. Тус аппликейшн нь хоёр төрлийн зураг дарна.

Ингэхдээ тээврийн хэрэгслийн дүрэм зөрчиж буй байдлыг тэр чигт нь үзүүлэх, хоёрдугаарт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өгөгдсөн хүрээнд харуулах байдлаар зураг дарах ёстой. Ингэснээр зураг баталгаажиж, замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээллийн төвд таны ирүүлсэн мэдээлэл ирэх юм. Өдөр нэг иргэнээс хэдэн ч зураг, мэдээлэл ирэх боломжтой.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *