Э.Бөхбат: Ирэх сараас жолооч, явган зорчигч утас, чихэвч ашиглахгүй

Тээврийн цагдаагийн албаас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллагаас гаргасан дүн шинжилгээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ.

Замын цагдаагийн албанаас сүүлийн үед хэрэгжүүлж байгаа ажил болон шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн хэр байв. Цаашид яаж хэвшүүлэх вэ?

Монгол Улсад бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын нийт гэмт хэргийн дийлэнх хувийг орон нутгийн замд бүртгэгдэж байна. Иймд цагдаагийн байгууллагаас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлээд одоо үр дүнгээ тооцхоор ажиллаж байна. Аяныг ХЗДХЯ-ны Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Авто тээврийн үндэсний төв, НҮБ, орон нутгийн удирдлагууд зэрэг маш олон байгууллага хамтран зохион байгуулсан.

Цагдаагийн байгууллагаас 500-600 алба хаагчийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулсан. Аяны хүрээнд 40 цэгт замын цагдаагийн пост байгуулах ажлыг эхлүүлээд өнөөдөр 50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа юм.Орон нутагт цагдаагийн байгууллага болон МХЕГ, эмнэлгийн анхан шатны тусламж авч болох 24 цагийн үйлчилгээтэй 20 гаруй байгууллагыг ажиллуулаад байна. Цаашид энэ үйлчилгээг нэмэхээр төлөвлөсөн.

Орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 21 аймагт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хурд хэмжиж эхэлсэн. Мөн зам тээврийн осол ихээр үйлдэгддэг газруудад явуулын пост ажиллуулж эхэлснээр үр дүнгээ өгч байгаа юм. Явуулын машиныг ажиллуулж байгаа юм.

Замын цагдаагийн албанаас хэрэгжүүлж байгаа ажлын хяналт шалгалтын хүрээнд ихэвчлэн ямар зөрчлүүд илэрсэн бэ?

Монголын цагдаагийн байгууллагын хяналт шалгалт гэмт хэрэг үйлдэгдэж буй орон нутгийн замд хаана ч хэзээ ч байж магадгүй гэсэн байдалтай ажиллаж байна. Орон нутгийн замд цагдаагийн нүдийг хуурах, согтуугаар хүн тээвэрлэж хурд хэтрүүлэх, үнэмлэхгүй зорчих гэх мэт зөрчлүүд түгээмэл байгаа юм. Үүнээс үүдэн зам тээврийн осол гардаг. Дөрвөн сарын хугацаанд ийм зөрчил маш их.

Мөн ачааны даац хэтрүүлж байгаа нь хүн амь насаа алдах үндсэн шалтгаан нь болж байна. Бид гурван цагийн шалгалт хийхэд согтуу жолооч гурав илэрсэн. Машиндаа 5-7 хүн тээвэрлэж явахдаа 130 км-ийн хурдтай зорчиж байгаа юм. Эдгээр хүмүүс үхэл рүүгээ явж байна гэсэн үг. Монголчууд цуглаж ирээд цуварч нас бардаг гэж ярьдаг байсан бол одоо цуварч ирээд цугаараа нас барах боллоо. Жишээ нь, 79 хувийн согтуу жолоочтой долоон хүн зорчиж явна. Үүнд жолооч гэлтгүй зорчигчид анхаарах хэрэгтэй.

Жолооч нар яагаад заавал үнэмлэхтэй зорчих ёстой вэ гэх асуултыг тавьдаг. Энэ талаар?

Жолооны үнэмлэхийг яагаад заавал авч явах ёстой вэ гэвэл зам тээврийн ослын шалтгаан үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсоноос болдог. Нэг жишээ татъя, 22-ын товчооны орчимд зам тээврийн осолд өртсөн хүн нас барах гээд байдаг. Цус сэлбэхээр болоход хэн болох нь тогтоогддоггүй. Тиймээс мэргэжлийн үнэмлэхээ авч явах шаардлагатай.

Арваннэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхлэх шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд ямар өөрчлөлт орсон бэ?

Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орсон. Арваннэгдүгээр сараас шинэ дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнө жолооч, явган зорчигчид уншиж танилцах хэрэгтэй. Жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг.

Жишээ нь, 35 км/ц-ийн хурдтай явж байгаа жолооч утсаар ярилгүй, ирсэн дуудлагыг салгахад гурван секунд зарцуулдаг. Гэтэл хурдтай явж байгаа энэ үед 47 метр газрыг туулж байгаа юм. Мөн хөгжим, чихэвч ашиглахыг хориглосон. Зөрчил гаргасан жолооч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Явган зорчигч үүрэг хүлээх үү?

Жолооч гэлтгүй явган зорчигч үүрэг хүлээнэ. Зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно. Мөн скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй. Хэрэв замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд мөргүүлсэн тохиолдолд таны буруу болно. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо эргэлзэхийг хориглосон.

“E-Police” аппликэйшний тусламжтайгаар иргэдээс зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг авч байгаа. Утсаар ирж байгаа мэдээлэл болгоныг хэрхэн ангилж, ялгаж зохицуулж байна, хүн хүч хүрэлцэж байгаа юу?

Иргэдээс мэдээллүүдийг нь авч эхэлсэн. Мэдээж цагдаагийн байгууллагын нөөц бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод 800 гаруй мянган зөрчил илрүүлэгч камертай боллоо гэсэн үг. Хэрэв зөрчил гаргахгүй л бол “E-Police” аппликэйшн танд ямар ч асуудал авчрахгүй.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *