Н.Уянмөнх: Нөхрөө согттол нь архи уулгаж байгаад тасрангуут өмссөн хувцастайгаа гарч зугтдаг байлаа

/Ээжээ бурхан миний гурван хүслийг биелүүлье гэвэл би “Аав таныг зодохгүй, архи уухгүй, бүгдээрээ хамт амьдардаг байгаасай гэж хүснэ/

Нэгэн хүүгийн энэ хүсэл биелүүлэхэд амархан мэт боловч Н.Уянмөнх бүсгүйн хувьд сэтгэл сэртхийлгэж, баллуурдаад арилгачихмаар амьдралын дурсамжтай нь холбогддог учир хэзээ ч биелэгдэшгүй хүсэл болчихоод байгаа юм.

Аав, ээжийн эрх танхил охин анхны хайртайгаа учирч амьдрал эхлүүлсэн ч тэрбээр төсөөлсөн шигээ жаргалыг амсалгүй, эрэгтэй хүний хатуу ширүүн гар доор хүчирхийлүүлж харанхуй дунд олон жил төөрсний эцэст гэрэл гэгээрүү тэмүүлэх хэрэгтэйг ойлгосон байна. Н.Уянмөнх бүсгүй өөрт нь тохиолдсон зүйл бусдад бүү давтагдаасай, хамгийн их хохирдог нь хүүхэд юм шүү гэдэг ойлголтыг нийгэмд өгөхийг хүсч өөрийн амьдралаа бусдад сургамж болоосой гэсэндээ энэхүү ярилцлагыг өглөө.

Уурандаа л цохисон байхдаа гэж зөвтгөж явсан нь буруу юм билээ

Хүн бүр амьдралаа олон нийтэд дэлгээд байдаггүй. Гэхдээ таны хувьд бусад охидуудад амьдралын ханиа зөв сонгоорой гэсэндээ ярилцлага өгч байгааг ойлгож байна. Тиймээс ний нуугүй ярилцах уу?

Тиймээ. Залуу охидыг амьдралын ханиа зөв сонгоосой, над шиг зовлон бүү амсаасай гэсэндээ л ярилцлага өгч байна. Би 2006 онд сургуулиа төгсөөд, дөнгөж 18-хан насандаа нөхөртэйгээ танилцаж байлаа. Их сургуульд сурч, ажил ч хийж үзээгүй байхдаа айлын бэр болсон. Бид гурван жилийн турш үерхэж байгаад 2009 онд анхныхаа хүүг төрүүлж байлаа. Мэдээж амьдрал эрээнтэй бараантай. Бид хэсэг тусдаа амьдарсан ч эргэн нийлж, улмаар 2013 онд хоёр дахь хүүгээ төрүүлсэн юм.

Чухам юунаас болж салж байсан юм бэ?

Хамт амьдраад эхний зургаан сар л сайхан байсан. Долоо дахь сараас үе үехэн гар хүрч эхэлсэн. Тэр бүхнийг нь уурандаа л цохисон байхдаа гэж зөвтгөж явсан нь буруу юм билээ. Тэр байдал нь сүүлдээ даамжирч, хэрээс хэтэрч эхэлсэн. Хамгийн сонин нь их согтсон үедээ тийм авир гаргадаггүй. Харин гадуур, дотуур явж байхад нь араас нь ирэх болж байна уу гэж залгахад, найз нөхөд нь ууж идэхдээ орхиод явсан ч юм уу, тийм тааламжгүй үедээ надад аймшигтай догшин авир гаргадаг байсан.

Догшин авир гэхээр гар хүрнэ гэсэн үг үү?

Тийм. Яг л эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг шууд л толгой руу дэлсээд авна. Хайр найргүй цохиж, нүд хамар тэгшлээд л орхино. Үснээс зулгааж байгаад толгой руу нүднэ. Эцэстээ би толгойгоо дэрэн дээр ч тавьж унтаж чадахааргүй байдалд ордог байсан. Хамгийн харгис нь биерүү цохихгүй. Дандаа толгой руу нүддэг байсан. Бас болоогүй. Чи юутай ирсэн юм бэ гээд бүх хувцасыг минь тайлж, нүцгэлээд гэрээс хөөдөг байсан.

Айлын ганц хүү гэдэг утгаараа дураараа, дээрэнгүй зантай. Гэрийнхэн нь хүртэл өөдөөс нь нэг ч үг хэлж чаддаггүй. Бүх зүйлийг нь л бэлэнчлээд бэлдээд өгчихнө. Машин, хашаа байшин, хэрэглээний мөнгө, сарын хүнс бүгдийг нь бэлдэж өгдөг байсан юм. Би өөрөө хангалуун амьдралд өсөөгүй болохоор энэ бүх тансаг амьдралд хоргодоод, хэрвээ би салвал яаж амьдрах билээ гээд тэр хүнээс эдийн засгийн хувьд 100 хувь хараат болчихоод салж чадахгүй зодуур дор амьдарч байждээ гэж өөрийгөө дүгнэдэг.

Тэгээд байнга л зодож, нүдэж, тамлан зовоодог байсан юм уу?

Ер нь бол тийм. Гэртээ хоёулахнаа байхдаа, эрүүл юм уу халамцуу байхдаа, сэтгэл санаа нь таагүй үед, өөрт нь таалагдахгүй асуудал гарах л юм бол дүрс гээд л уурлаад босоод ирнэ. Бүр намайг хамт архи уусангүй гэж хүртэл уурладаг байсан гээд бод. Хоёулаа нийлээд архи уувал энэ амьдрал юу болох билээ дээ. Үе үехэн гар хүртэл байсан нь ихэсч сүүлдээ долоо хоногт гурван удаа зоддог болсон.

Эхнэр чинь хүчирхийллийн дуудлага өглөө гээд цагдаагийнхан ороод ирсэн

Тэгээд энэ бүхнийг тэсээд л байсан хэрэг үү?

Мэдээж салахгүй ч гэсэн гэрлүүгээ буцах тохиолдол олон байсан. Тэр болгонд араас гүйж ирээд бэлэг сэлт өгөөд л, уран гоё үг хэлнэ. Жаахан байсныг ч хэлэх үү, нөхөртэй хайртай байсныг ч хэлэх үү уучлаад л аав, ээжээсээ гуйгаад л хайртай, дуртайгаа гайхаад л явдаг байсан. Нөхөр маань ч Уянаагүй л бол үхлээ, хатлаа гээд гуйгаад аваад явдаг байсан. Гэвч гэртээ ирээд яг л бахь байдгаараа уурлана, уцаарлана, дахиад л зодно. Чи зодохгүй гэж амлаа биз дээ гэхээр Хэн миний үгэнд итгэ гэсэн юм. Хохино. Би угаасаа л ийм хүн. Чи ч ингэж байхдаа таарсан амьтан гээд хэлэх, хэлэхгүй үг хэлдэг байлаа. Сүүлдээ би бүр мөнгө цуглуулж, архи шил шилээр нь авч хадгалдаг болсон.

Яагаад тэр вэ?

Нөхрөө янз бүрийн авир гаргахаар нь архи уулгаж байгаад тасраагаад, тасарч унахаар нь өмссөн хувцастайгаа хар хурдаараа төрсөн гэрлүүгээ зугтдаг байсан. Гартаа таксины мөнгөө тас атгаад л гүйдэг байсан даа.

Үнэхээр хар дарсан зүүд шиг юмаа. Тэгээд яагаад тэсээд байдаг байсан юм бэ. Цагдаа, хүчирхийллийн эсрэг байгууллагуудад хандаж байгаагүй юм уу?

Хүчирхийлэл дандаа л гэрт болдог. Тиймээс тусламж дуудаад ямар ч нэмэргүй. Сонссон ч орж ирээд туслах хүн байхгүй. Цагдаагийн байгууллагад хандаад бүр ч хэрэггүй юм билээ.

Яагаад?

Нэг удаа би цагдаа дуудаж үзсэн. Гэтэл цагдаа хаягийг чинь олохгүй байна. Тиймээс хаана байгааг чинь мэдэхгүй учир очиж чадахгүй нь гээд ирээгүй. Хэрэв намайг цагдаа дуудсаныг мэдвэл нөхөр маань яах нь тодорхой шүү дээ. Тэгээд цагдааг дахин дахин залгаад байж магад гээд айгаад дахиж цагдаа руу хандаагүй.

Гэтэл дараа нь ахиад нэг удаа цагдаа дуудтал ирээд хүчирхийлэл үйлдэгдэж байна гэсэн дуудлага ирлээ гээд ороод ирсэн. Нөхөр маань гайхаад хэн дуудлага өгсөн юм гэтэл эхнэр чинь юм биш үү гэж хэлсэн. Ийм л мэдрэл муутай, мэдрэмжгүй ажиллаж байгаа юм л даа манай цагдаагийнхан. Тэгээд би цагдаа хүчнийхэн хэзээ ч хамгаалахгүй юм байна. Ер нь хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодсон ч ийм хүчирхийлэл дунд хүүхдүүдээ өсгөж болохгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоод хэзээ ч буцаж нийлэхгүйгээр салсан. Үүндээ ч их баярлаж явдаг.

Ер нь таныг зодуулж байхад хүүхдүүд тань яадаг байсан бэ. Хүүхдүүддээ ийм авир гаргадаг байсан уу?

Хаа явж хүүхдүүдийнхээ дэргэд зодох нь бага байсан. Бас хүүхдүүддээ энэ авираа гаргахгүй. Бага хүү маань угаасаа аавыгаа бараг мэдэхгүй. Жаахан байхад нь салсан. Харин том хүү маань аавдаа маш их хайртай. Ерөөсөө л аав аав гээд байдаг байсан. Нөхөр маань ч гэсэн уг нь хүүдээ муу юм заахгүй, хичээл номыг нь давтуулаад, хамт тоглоод сайн эцгийн жишээ л байлаа.

Энэ нь ч түүнээс салдаггүй байсны нэг шалтгаан байсан. Учир нь хүү маань аавдаа маш их хайртай, аав нь хүүдээ сайн эцэг байсан болохоор энэ хоёрыгоо салгаад яахав гэж их боддог байсан юм. Гэхдээ л үнэхээр тэсээгүй дээ. Хамгийн сүүлд олны өмнө аймар зодуулаад одоо л салахгүй бол би үхэх юм байна гэдгээ мэдээд салахаар шийдсэн.

Нүднээс хүртэл цус гарч зодуулж байхад автобусны буудал дээр байгаа хүмүүсийн нэг нь ч туслаагүй

Салах шийдвэрээ тэр үед л эргэж буцахгүйгээр гаргаж байсан юм байна?

Тийм. Бага хүү маань төрөөд удаагүй байсан юм. Тэр үед нөхөр маань дөрөв, тав хоногоор архи уугаад алга болчихсон. Би бага хүүгээ айлд түр орхичихоод, том хүүгээ тэврээд араас нь хайгаад явсан. Найз нөхдөөс нь сураглаж явсаар Таван шараас олсон л доо. Гэтэл Таван шарын автобусны буудал дээр намайг аймшигтай хэрцгийгээр зодсон. Нүднээс хүртэл цус гарч аймар зодуулж байхад автобусны буудал дээр байгаа олон хүний нэг нь надад туслаагүй.

Болиоч гэж нэг ч хүн дуугараагүй. Би аврал эрэн орилж байхад хэн ч тоогоогүй. Үнэхээр аймшигтай байсан. Гэтэл хажуугаар өнгөрч явсан нэг эмээ “Эмээ нь ч гэсэн охинтой. Миний охиныг нөхөр нь ингэж зоддог үгүйг эмээ нь мэдэхгүй юм. Гэхдээ миний хүү боль, боль гээд нөхрийг маань тайвшруулаад салгаж байсан”. Тэр үед л би бодсон л доо. Одоо л салахгүй юм бол би алуулж байж, энэ байдал дуусах юм байна. Тиймээс эртхэн салъя гэж эргэж буцалтгүй шийдсэн.

Хүүхдүүд нь одоо хэнтэйгээ байдаг вэ?

Надтай байдаг. Том хүү маань байнга аавыгаа асууна. Санаж байна гээд утсаар ярина. Нэг удаа төрсөн өдөр нь болоод би хүүдээ “Ээж нь хүүгийнхээ бүх хүслийг биелүүлэе. Юу хүсч байна” гэтэл өөдөөс “Ээжээ би таниас юу ч хүсэхгүй. Зөвхөн аавруу л явуулаад өгчих” гэж гуйсан. Би хэдийгээр явуулах дургүй байсан ч хүүгээ тэгэж их гуйгаад байхаар нь явуулсан. Хүүгээ хотруу сургуульд шилжүүлж, аавд нь өгсөн. Хүү маань аав дээрээ жил гаруй байж байгаад буцаад над дээр ирсэн. Гэтэл жил гаруйн хугацаанд бас л зодож нүддэг байсан юм шиг байна лээ?

Жил гаруйн хугацаанд зодуулж байхад нь та мэдээгүй хэрэг үү?

Тийм. Тэр хугацаанд надруу залгахдаа элдэв юм огт ярьдаггүй байсан. Мөнгө хэрэгтэй байна. Тэдэн төгрөг явуулаач л гэдэг байсан. Аав нь эхнэртэй болсон. Тэр хүүхнийх нь утаснаас ярьдаг байсан болохоор би тэр болгон залгаж чаддаггүй байсан.

Тэгээд зодуулсанг нь яаж мэдсэн юм бэ?

Нэг өдөр ангийнх нь багш нь надруу залгасан. Тэгээд хүү чинь хичээлдээ огт ирэхгүй байна. 14 хоногийн өмнө нүүр нь хөхөрчихсөн ирсэн гэж хэлсэн. Би шууд л хотруу ирээд нөгөө дугаарлуу нь залгасан чинь “Чи хүүгээ явуулчихаад яагаад араас нь ирж байгаа юм. Уулзуулахгүй.

Чамаас болж бид хоёр өдөр бүр хэрэлдэж байна” гээд утсаа салгасан. Яах ч аргагүй байдалд ороод нөхрийнхөө охин дүү рүү залгасан чинь “Чамайг хэзээ ирж хүүгээ авах бол гэж их хүлээлээ. Хүү чинь их зовж байгаа. Цаадхаасаа бушуу холдуул“ гээд хүүгээ авахад минь тусалсан.

Догшин ааш авиртай хүн зодох хүн нь байхгүй болохоор хүүгээ зодсон байх

Хүү нь энэ тухайгаа юу гэж хэлж байсан бэ?

Аав намайг буруу зүйл хийхээр л зоддог байсан. Нуруугаар сандал руу шидээд нуруу ийм болсон гэж хэлсэн. Хүүгээ авахад хацрынх нь ч хөх арилаагүй. Нуруу нь тэр чигтээ сорвитой байсан.

Өмнө нь хүүдээ гар хүрдэггүй байсан гээ биздээ?

Тийм. Би бодохдоо өмнө нь намайг хангалттай зоддог байсан болохоор хүүдээ гар хүрдэггүй байж л гэж бодсон. Угаасаа догшин ааш авиртай хүн зодох хүн нь байхгүй болохоор хүүгээ зодсон байх. Аавынхаасаа ирснээсээ хойш хүү маань нэг л сонин байсан.

Хүүхдүүд амттан авчрахаар уралдаж очоод л булаацалдаад идэж байхад, хүү минь хойно нь хараад л хоцордог байсан. Чи яагаад авч идэхгүй байгаа юм бэ гэхээр үлдвэл идье ээ, үлдэхгүй бол яахын бэ гэсэн. Тийм л болчихоод ирсэн байсан даа.

Одоо аавтайгаа хэр харьцаатай вэ?

Хүүхэд шүү дээ. Одоо ч аавдаа хайртай. Аавтайгаа байнга утсаар ярина. Гэхдээ аав руу явмаар байна гэж ярихаа байсан. Ааваа та хүрээл ирвэл би тантай уулзмаар байна гэж л ярьдаг. Бага хүүгээ нэг удаа аавтай нь танилцуулья гээд уулзуулсан. Тэгсэн гэртээ ирсэн хойноо би дахиж тэр аав гэдэг хүнтэй чинь уулзахгүй шүү гэсэн.

Одоо та гурав яажшуухан амьдарч байна. Хуучин нөхөр тань тусалж дэмждэг үү?

Бид хоёр гэрлэлтийн баталгаагаа салгаагүй байгаа. Шүүхээр ороод салгуулъя гэхээр хүү минь том болчихсон учир гэнэ алдаад аавтайгаа амьдармаар байна гээд хэлчихвэл яах билээ. Тэгж айгаад салгуулах тухай ярьж ч чадахгүй байна.

Тэр хүнээс би ямар тусламж дэмжлэг хүсэх вэ дээ. Биднийг тайван орхиж л байвал боллоо. Сураг дуулахнээ эхнэр нь жирэмсэн болсон гэж сонссон. Тэгээд мөр мөрөөрөө амьдарч байхад л болно.

Одоогоор би аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Манай ах эгч хоёр хүнтэй суугаагүй гэртээ байдаг. Би бас дээр нь нэмэгдээд хоёр хүүтэйгээ аав ээжийнхээ гэрт л мөр бүтэн гэдэс цатгалан амьдарч байна. Саяхнаас сумынхаа халуун усны газар ажиллаж байгаа. Хэрэгцээнээсээ гадна хэдэн төгрөг цуглуулж байгаад бид гурав өөрсдийн гэсэн гэр авч тусдаа гарах санаатай байгаа. Тэгвэл хүүхдүүд минь ээжийгээ хараад амьдралыг мэддэг болж хүмүүжих байх гэж бодож байгаа.

Ний нуугүй ярилцсанд баярлалаа.

Зүгээрээ. Охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд, над шиг амьдарлаар л битгий амьдраарай. Эр хүн нэг л гар хүрсэн бол засарна гэж байхгүй. Тэр нь улам даамжирна. Энэ бүх хүчирхийллийн дунд хүүхдүүд л зовдог юм шүү. Салалтын эцсийн золиос ч гэсэн хүүхэд л байдаг юм. Тиймээс ханиа зөв сонгоорой гэж дахин дахин захимаар байна.

Х.Соёл-Эрдэнэ

source: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *