И.Одончимэг: Бараа бид хоёр олон хүнд сорилт давсан

Монгол Улсын гавьяат жүжигчин И. Одончимэгийг урлагт орсон цагаас нь сайн, муу зүйлүүд тойрон хүрээлж байдаг ч тэрбээр шантраагүй. Өдгөө Монголын манлай эмэгтэйчүүдийн нэг болон гялалзаж явна. Эмэгтэй хүн, тэр дундаа жүжигчин хүн, уран бүтээлээ найруулаад өөрөө тоглоно гэдэг бол бахархал. Тиймдээ ч түүний хийсэн бүтээл бүр нь шуугиан тарьж, олны сонорыг мялааж чихийг соотойлгодог.

Анх “Сэргээш 3”-аараа найруулагчийнхаа ажлыг эхэлж байсан бол өдгөө долоо дахь уран бүтээлээ туурвиад байгаа билээ. Түүний авсан шагнал, алдар гавьяа, хийсэн бүтээснийг нь тоочоод байвал дуусахгүй. Ингээд энэхүү эрхэм хүнтэй ажил амьдралынх нь талаар хэсэгхэн ярилцсанаа хүргэж байна.

“Алтан өндөг” кино нэлээд шүүмж хүртсэн байх. Яагаад ч юм “Солиот эх”-ийн дайны уран бүтээл хүлээж байсан болов уу, харин та найруулсан хүний хувьд хэрхэн үнэлгээ өгч байгаа вэ. Хүндрэлүүд их байсан биз?

Энэ кино маань анх 2015 онд “Солиот эх”-ээс өмнө хийгдсэн. Гурван жилийн өмнө хийчхээд янз бүрийн шалтгаанаар дэлгэцэнд гарч болохгүй байлаа. Тухайн үедээ кино зургаа аваад монтажаа хийчихсэн байсан. Компьютер графикийнхаа ажил дээр нэлээн нухлагдсан. Эндээс харахад Монголд залуу боловсон хүчнүүдийг улс, хөрөнгө мөнгө гаргаад графикийн чиглэлээр сургах цаг нь болчихжээ. Ёстой өөрсдийнхөө хар авьяасаар суралцаж Монголын киночдыг графикаараа аварч байна даа.

График гэдэг маш хүнд ажил. Дутуу дулимаг хийвэл худлаа харагдуулдаг. Киногоо тэр чигт нь унагадаг. Монголын хэд хэдэн аятайхан кинонуудыг графикаас нь болоод голж байсан жишээ байна. “Алтан өндөг” дээр машин онхолдох, байшин дэлбэрэх, утаа униар гарах гэх мэт бүгд графикаар хийгдсэн. Тэр том улсад зураг авна гэдэг бүтэхгүй. Замаа хааж байгаад бум бужигнасан хүмүүсийг зохицуулна гэдэг хэцүү юм байна лээ. Бараа бид хоёрын тэвчээрийг шалгасан асуудлууд их гарсан. Би кино грүппээ удирдаж явсан эмэгтэй хүний хувьд өөрийгөө их өрөвдөж байлаа. Бурхан минь дахиж л хүний нутагт зураг авахгүй шүү гэж бодогдсон. Би чинь сүүлдээ Хятад цагдаа нартай хэрэлдэж байж л зургаа авдаг байсан.

Тэнд чинь манайх шиг амар амгалан сайхан хүлээж авахгүй хоёр сарын өмнөөс таван даргын зөвшөөрлөөр кино зураг авах эрхээ авдаг юм байна лээ. Зургийн объектуудаа маш их нерв, стрессийн дунд олж авсан. Бид зөвшөөрлөө хүлээж долоо хоносны эцэст сарын хугацаанд зураг авалтаа хийсэн. Харин “20-н гэр” гэдэг сайхан кино хотхонд том зочид буудалд тухтай байрлаж байсан. Эргээд харахад би бусад кинонуудаасаа илүү хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээртэй тулж байжээ. Бусад кинонууд дээрээ ингэж зовж байснаа санахгүй юм. /нулимс цийлэгнэв/ Хэдэн жилийн дараа хүмүүс энэ киног үзээд “их юм хийжээ” гэдгийг ойлгох байхаа.

Монголын кино урлагийн мэргэжлийн ганц шүүмжлэгч нь Т. Мягмаржав ах байдаг. Мягаа ах киноны нээлтэнд ирээд надад тусгайлан баяр хүргэсэн. “Болоо доо Одноо минь яг нэг кино үзсэн юм шиг боллоо шүү” гэж. Миеэгомбо маань бас баяр хүргэсэн. Миеэ хэр баргийн юманд дуугардаг хүн биш. Киноны постон дээр их гоё сэтгэгдэл бичсэн байсан. Мэргэжлийн хүмүүсээсээ урмын үг сонсоно гэдэг их сайхан. Би бас мэргэжлийн хэмжээгээ барих гээд байна шүү дээ. /инээв/

Таны хэд дахь найруулсан кино вэ. Найруулагч гэдэг хүнд хэцүү ажилд яагаад дурлах болов?

Намайг III курст байхад Юнескогийн тэгш ойн жил болсон юм. Тэр жил Юнескогийн шугамаар Монголд 100 хувь Юнескогийн тэтгэлэгтэй Парис кино урлагийн их сургуульд суралцах гурван хувиар ирж байсан. Олон улсын сэтгүүлч, зураглаач, найруулагчийн ангиуд ирсэн. Энэ гурван хувиар дээр улсын төв хороо, Засгийн газраас арваад хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс гарч байлаа. Олон зуун хүүхэд тэр хувиар дээр өрсөлдөөд шалгаруулалтад нь нэгдүгээр байранд жагссан юм.

Тийм сайхан хувь заяа надад ирж байлаа. Гэтэл манай Багшийн дээдийн багш нар намайг явуулахгүй гэсэн. “Одончимэгээ чи жүжигчин болох хүүхэд. Найруулагч гэдэг хүнд хэцүү ажил. Тэгээд ч чи эмэгтэй мундаг найруулагч гэж сонссон уу?. Зураглаачийг нь бодохын ч хэрэггүй. Чам шиг ийм жоохон биетэй амьтан хүнд юм мөрөн дээрээ тавиад гүйнэ гэдэг бүтэхгүй” гээд тал талаас ятгаж байсан. Тэгээд л би багш нарынхаа үгэнд ороод тэр хуваариудаас татгалзчихсан. Багш нарынхаа хэлснээр, ямар ч гэсэн “би жүжигчин болох нь тодорхой харин нэг кино найруулчхаад үхчих юмсан гэсэн бодол тээж явсан./инээв/

Нэг өдөр Найдаа найруулагч “би ажилтай болчихлоо Одноод “Сэргээш 3” найруулах үүрэг өглөө шүү гэж манайханд хэлээд явчихсан. Яалт ч үгүй “Сэргээш 3” над дээр буугаад тэгж л найруулагчийнхаа ажлыг эхэлж байлаа. “Сэргээш” маань амжилттай болсон болохоор урам орж, дараагийнхаа бүтээлүүд рүү орсон доо. “Алтан өндөг” миний долоо дахь кино.

“Алтан өндөг” кино хэдэн төгрөгийн санхүүжилтээс бүтсэн бэ. Санхүүжилт ээ нөхөж чадах болов уу?

Зүгээр нэг уран сайханч шиг мөнгөний төлөө хуурамч юм хийхийг би хүсдэггүй. Энэ кино бол Монголоос зарлагаа нөхөхгүй нь тодорхой. Монголд кино зураг авдгаас их зардал гарсан. Гэхдээ яах вэ урлагийн буянаар олон сайхан бүтээлтэй боллоо. Нэг бүтээлээс олсон мөнгөөрөө дараагийн бүтээлээ гаргаад явдаг хүмүүс шүү дээ бид чинь.

Тэрнээсээ кайф авч амьдардаг. Энэ амьдралд мөнгө тийм чухал биш. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй байх. Тэр шуналдаа хязгаар тавих хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг үнэн үг шүү. Эрүүл мэндээ золиослон байж мөнгөний төлөө зүтгээд байдаг. Эцсийн эцэст бид юуны төлөө амьдраад байгаагаа бодох цаг болсон. Нарийндаа хүн хэрэгцээгээ хангахын тулд тийм их мөнгө хэрэггүй. Тэр утгаараа ч энэ киногоо бүх насныханд зориулж хийсэн.

Үргэлжлэлийг ЭНД – ээс…

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *