1000 жилийн дараа дэлхий сөнөж хүмүүс өөр гариг руу явна гэв

Нэрт физикч агсан Степен Хокингийн хүн төрөлхтний ирээдүйн талаар бичсэн хамгийн сүүлийн таамаг “Brief Answers to the Big Questions” буюу “Том асуултад хариулах товч хариулт” нэртэйгээр хэвлэгдэж аравдугаар сарын 16-наас олон нийтийн хүртээл болох ажээ. Британийн “Sunday Times” сонин уг номын зарим сонирхолтой хэсгүүдээс нийтэлжээ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТАЛААР

Ирээдүйд хиймэл оюун өөрөө өөрийнхөө хүслийг биелүүлж эхэлбэл аюул бидэнд учирна гэж хэлсэн байна. Тиймээс одооноос хиймэл оюун ухааныг хяналтандаа байлгах хэрэгтэй. Хиймэл оюунаар тоноглосон зэвсгийг одооноос хязгаарлахгүй бол улс орнуудын дунд зэвсэглэлийн өрсөлдөөн бий болохыг Хокинг анхааруулжээ.

ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ХАХИР ХҮЙТЭН ИРЭЭДҮЙ, ГЕНИЙН ЗАСВАР, СУПЕР ХҮН

Ирэх 1000 жилийн хугацаанд цөмийн дайн эсвэл байгалийн гамшиг дэлхийг сүйтгэнэ. Гэвч тэр үед хүн төрөлхтөн дэлхийгээс хамааралгүй амьдрах боломжтой болсон байх тул аврагдана. Тухайлбал хүний генийг засварлах, өөрчлөх технологийн тусламжтайгаар хүмүүс ой санамжаа нэмэгдүүлж, элдэв өвчинд тэсвэртэй болж, нас нь уртсах юм. Ингэсний үр дүнд сүйрсэн дэлхийг орхин явах, өөр гаригийг олж чадна. Дарвины эволюци биднийг улам ухаантай, чадварлаг болгохыг хүлээж суух цаг байхгүй болно.

ХАРЬ ГАРИГТ АМЬДРАЛ БИЙ ЮУ?

Энэ асуултад хариулах маш олон хариулт байж болох юм. Чухам яагаад одоог хүртэл хүн төрөлхтөн харь гаригийн гэх биетүүдийг олж илрүүлж чадахгүй эсвэл баталж чадахгүй, тэд бидэн дээр ирэхгүй байна вэ? Тэрээр нэг хувилбар хариултыг онцолсон нь “ Одоогоор хүн төрөлхтөн харь гаригийн амьдралын хэв маягийг мэдрэх, анзаарах чадваргүй байгаа” гэж тайлбарлажээ.

БУРХАН ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ УУ?

Хокинг энэ асуултад “үгүй” гэж хариулсан байна. “Хорвоо ертөнц бидний сайн мэдэхгүй ямар нэг бурхны хүсэл зоригоор үүссэн үү, эсвэл шинжлэх ухааны хуулиар бий болсон уу? Би хоёр дахь дүгнэлтэд итгэдэг. Магадгүй та шинжлэх ухааны хуулийг ч бурхан гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ нь тантай уулзаж, ярилцаж чадах хүнлэг бурхан биш байх болов уу” гэж Хокинг тайлбарласан байна.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АЮУЛ ЮУ ВЭ?

Дэлхийд учирч болох хамгийн том аюул бол астеройдтой мөргөлдөх. Яг үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн шиг. Харамсалтай нь бидэнд үүнээс хамгаалагдах арга байхгүй гэж Хокинг бичжээ. Дараагийн аюул нь цаг уурын өөрчлөлт. Далайн усны температур нэмэгдсэнээр мөс хайлж, их хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт ялгаруулна. Ингэснээр манай гаригийн цаг уур Сугар гаригийнх шиг Цельсийн 250 хэмд хүрэх боломжтой гэжээ.

ЭРЧИМ ХҮЧ ГАРГАН АВАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА

Цөмийн эрчим хүч бол цаг уурыг өөрчлөхгүй, байгаль орчныг бохирдуулалгүйгээр эрчим хүч гаргах цорын ганц боломж юм гэж Хокинг хэлсэн байна.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *