О.Насанбурмаа финалд үлдэж, С.Батцэцэг гэртээ харина

10 ДАХЬ УДААГАА ДАШТ-Д ОРОЛЦОЖ БАЙГАА О.НАСАНБУРМАА АНХ УДАА ФИНАЛД ШАЛГАРЛАА

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаанд манай эмэгтэй бөхчүүд медалийн буухиаг үргэлжлүүлэв. Тухайлбал, 72 кг-ын жинд Очирбатын Насанбурмаа аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бол 65 кг-д Х.Болортуяа дагах барилдаан хийхээр болсон юм. Мөн эмэгтэй 55, 59 кг-ын финалын барилдаанд Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр /2018.10.24/ эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн медальтнууд тодорно.

Х.БОЛОРТУЯА ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ

Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн дүрмээр медалийн төлөөх болон дагах барилдаан маргааш нь болдог учраас өнөөдөр О.Насанбурмаа, Х.Болортуяа нар дэвжээнд гарна.

65 кг-ын жинд Х.Болортуяа БНСУ-ын Ли Хан Биг ялж, Канадын Лаппагед ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон. Тэрбээр ОХУ-ын Мария Кузнецоватай барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана. Х.Болортуяа ДАШТ-д анх удаа барилдаж байна.

С.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН МЕНСАД ЯЛАГДАН ТЭМЦЭЭНЭЭ ДУУСГАЛАА

ДАШТ-д аз тааран, 68 кг-ын жинд барилдсан олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга С.Батцэцэг Сенегал, Шведийн бөхчүүдийг ялж шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын бөх Мариама Менсад ялагдан гэртээ харихаар боллоо.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа билээ. Түүний хувьд энэ удаагийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтад 62 кг-ын жинд П.Орхонд ялагдан оролцох боломжгүй байсан ч нэмэлтээр 68 кг-д барилдахаар болсон билээ. Учир нь, энэ жинд өрсөлдөх эрхийг аваад байсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаар бэртэл авснаар гэртээ үлдсэн. Харамсалтай нь, жин өгсөн 68 кг-д барилдсан С.Батцэцэг ганзага хоосон тэмцээнээ дуусгалаа.

С.Батцэцэг 2010 онд ОХУ-ын Москва хотод болсон ДАШТ-д 59 кг-д түрүүлж байсан бол 2013 онд Унгарын Будапешт 63 кг-д мөнгө, 2015 онд АНУ-ын Лас Вегаст 63 кг-д аваргын алтан медалийг авч байсан билээ.

О.НАСАНБУРМАА АНХ УДАА ФИНАЛД ШАЛГАРЛАА

Тэмцээний 72 кг-ын жинд барилдсан Очирбатын Насанбурмаа дэлхийн бөх гэдгээ дахин баталлаа. Тэрбээр Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг дараалан ялж, алтан медалийн төлөө Канадын Ди Стасиотой барилдахаар шалгаран үлдлээ.

О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгвэл энэ жил алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн түүний хувьд гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн анхны бөх болж байна.

Өдгөө 29 настай тамирчин бүсгүй өнгөрөгч наймдугаар сард Азийн наадамд 76 кг-ын жинд өрсөлдөн шагналт тавдугаар байрыг эзэлсэн билээ. Тэгвэл Будапештийн дэвжээнд дахин өөрийгөө харуулж, дэлхийн аваргын төлөө өнөөдөр барилдах гэж байна.

О.Насанбурмаа гурав дахь хүрэл медалиа 2013 онд Будапештийн дэвжээнд авч байсан бол таван жилийн дараа финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Канадын бөх Ди Стасио бөгөөд барилдаан өнөө шөнө 01.00-с болно.

Манай тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 удаа ДАШТ-д оролцож байна. Тэрбээр “Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-ын дэвжээнд барилдсан.

Өнөөдөр эмэгтэй 50 кг-ын жинд Э.Нарангэрэл Туркийн Э.Демирхантай, 53 кг-д Э.Сумъяа БНСУ-ын Ли Шин Хетэй, 57 кг-д А.Батцэцэг БНАСАУ-ын Жон Ин Сүнтэй барилдах бол 62 кг-д Э.Гантуяа мөн БНСУ-ын Хан Жүн Вонтой эхний барилдаанаа хийнэ.Барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *