Өндөр хүмүүс хавдраар өвчлөх эрсдэл ихтэй байдаг

Өндөр нуруутай хүмүүс хорт хавдраар өвчлөх эрсдэл ихтэй байдаг гэдгийг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Учир нь өндөр нуруу, том биетэй байхын хэрээр хүний бие махбодид илүү олон эсүүд бий болж, тэр хэрээрээ мутацид орох нь элбэг байдаг аж.

Өсөлт сайтай, нуруулаг хүмүүсийн дунд хийсэн хэд хэдэн судалгааны дүн эдгээр хүмүүст хорт хавдраар өвчлөх эрсдэл их байдаг болох нь тогтоогдсон байна. Хүн төрөлхтний дундаж өндрөөс дээш 10 см өндөр нуруутай байх тутамд хорт хавдрын эрсдэл мөн 10 хувиар өсдөг байна. Ийм байдал нохдод мөн илэрчээ. Энэ нь том биетэй, ийм төрлийн үүлдэрийн нохдын хорт хавдраар өвчлөх эрсдэл илүү байдаг гэсэн үг юм.

Эрдэмтэд энэ асуудлаар хэд хэдэн тайлбар өгсөн байдгийн нэг нь өсөлтийн гормон өндөр нуруутай болох, хорт хавдрын эсийн аль алинд нь ижил үүрэг гүйцэтгэдэг байна. Өндөр, том биетэй болоход хүүхдийн хоол тэжээл, хүрээлэн буй орчин, хөдөлгөөний идэвх гэхчилэн олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг дурдах нь зүйтэй.

“Томоохон таамаглалуудын нэг нь таныг өндөр болгож буй эсүүд хорт хавдарт илүү мэдрэмтгий болгодог гэсэн үг” гэсэн тайлбарыг Калифорнийн Риверсайд Их сургуулийн биологоон профессор Леонард Нанни хэлжээ. Леонард Нанни профессорын энэ талаар хийсэн судалгааны ажилд өндөр хүний эсүүд (үрийн шингэнээс бусад бүх эсүүд)мутацид ордог. Мутацид орсон эсүүд хорт хавдрын шалтгаан болдог бөгөөд илүү олон, их эстэй байх, эсийн хуваагдал нь идэвхтэй байх нь хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулжээ.

Британийн Хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Жеоржина Хилл “Өндөр хүмүүс хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг гэдгийг олон жилийн турш хийсэн, олон янзын судалгааны дүн харуулдаг. Гэхдээ тамхи татах, илүүдэл жинтэй байх зэрэг олон эрсдэлт үйлээс татгалзах нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг багасгадаг гэдгийг мартаж болохгүй. Бидэнд өөрсөддөө ч өрөөлд ч туслаж чадах зүйл их бий” гэж хэлснийг сануулах нь зүйтэй болов уу.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *