ДОЛОО ХОНОГТ ЯДАЖ НЭГ УЙЛАХ НЬ СТРЕСС, СЭТГЭЛ ГУТРАЛЫГ АНАГААДГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

Та нэг сайхан дуу сонсоод эсвэл кино үзээд уйлж, түүний дараа хамаагүй аз жаргалтай, хөнгөн мэдрэмж авч байсан бол сайхан уйлахын хүч чадлыг мэдэх нэгэн байна. Ахлах сургуулийн багш, “намида сэнсэй” буюу нулимсны багш гэх нэрээрээ алдаршсан Хидэфүми Ёошида сургуулиудаар зургаан жилийн турш уйлахын ач тусыг ярьж, түгээж явсан байна.

Japan Times-д өгсөн яриандаа тэрбээр, “Уйлах нь инээх болон унтахаас ч илүүтэйгээр стрессийг үгүй хийдэг. Долоо хоногт ядаж ганц удаа уйлбал та стрессгүй амьдралаар амьдрах боломжтой” хэмээжээ.

2014 онд Ёошида Тохо их сургуулийн Анагаахын факультетын профессор Хидэхо Аритатай хамтран уйлах нь хэрхэн стресс үгүй хийдэг тухай судалгааг эхлүүлжээ.

Япон улс амиа хорлолтын тоогоороо Өмнөд Солонгос болон ОХУ-ын ард гуравдугаарт бичигддэг. Мөн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд амиа хорлолтын бараг 90 хувь нь сэтгэл гутрал, стрессээс үүдэлтэй. Харин уйлах үед хүн сэтгэл дотор хуралдаж байсан асар олон зүйлийг гадагшлуулж, дотроо тээн шаналахаа больдог байна. Тийм учраас нулимсны багш ахлах сургуулиуд болоод томоохон компаниудаар явж өөрийн лекцийг тавьж, уйлахын ашиг тусыг улам бүр ойлгуулахаар хичээж байгаа аж.

Нэгэн судалгаагаар 30 гаруй орныг хамруулсан бөгөөд оролцсон хүмүүсийн 70 гаруй хувь нулимс дуслуулж, уйлсныхаа дараа хамаагүй дээрдэж, идэвхтэй болсон гэжээ. Мөн хүнд хэцүү асуудлууд аажмаар багасч, хаа хамаагүй бодлууд нь арилсан гэдгийг ч дурдсан байна.

Рамсигийн анагаахын төвийн доктор Виллиам Фрэй “Амьсгал гаргах, бие засах, хөлрөх зэрэг нь бүгд биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс. Мөн уйлах нь яг үүнтэй адил стресс болоод хүнд хэцүү мэдрэмжүүдийг гадагшлуулах процесс юм” хэмээн New York Times-д өгсөн яриандаа дурдсан байдаг.

Тэгэхээр бүгдээрээ долоо хоногт ядаж нэг удаа ч болтугай нулимс гаргаж, сэтгэлээ хөнгөлж байгаарай.

source: ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *