“Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ”

Төрийн албаны тухай хууль санаачилсан гишүүдийн нэг, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй уулзаж, “өлгийдөн” авсан хуулийн онцлог хийгээд хууль хэрэгжсэнээр нийгэмд бий болох өөрчлөлт, хүлээлтийн талаар ярилцлаа.

Ирэх оны эхнээс хэрэгжих Төрийн албаны тухай хууль урьд өмнө нь батлагдсан хуулиудаас ямар ялгаатай талаар яриагаа эхэлье?

Энэ удаагийн Төрийн албаны тухай хууль бол гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан хууль юм. Анхны хууль 1994 онд батлагдаж байсан бол 2002 онд шинэчлэн найруулсан, 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан хууль бол гурав дахь хууль нь юм. Бид 2016 оны сонгуульд оролцохдоо төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, төрийн албан хаагчдын дархлааг бий болгоно гэж сонгогчдодоо амласан.

Энэ амлалтаа биелүүлэх үүднээс тэр ондоо ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг хуулийн төслийг 2017 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн бариад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлагдсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн гол концепци бол төрийн албыг тогтвортой байлгахад чиглэгдсэн. Өнөөдөр төрийн алба тогтворгүй, улс төрөөс хараат байна. Хоёрдугаарт хариуцлагын тогтолцоог нэлээд сайн тусгаж өгсөн.

Төрийн албыг улс төрөөс, улс төрийн албан тушаалтнаас хараат бус болгох зорилтын хүрээнд төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, тус зөвлөлийн гишүүдийн тоог тав байхаар хуульчилсан. ТАЗ-д Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын санал болгосон гишүүд байхаас гадна төрийн албан хаагчид дотроосоо сонгодог утгаар томилогдсон хоёр гишүүнтэй болж байгаа. Даргыг нь УИХ-аас сонгох бус тус зөвлөлийн гишүүд дотроосоо сонгодог болж байгаа. Ийнхүү төрийн алба төв байгууллагаасаа эхлэн шинэчлэгдэх юм.

Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг УИХ, Засгийн газар, ТАЗ-ийн түвшинд боловсруулж байгаа. Эдгээр дүрэм журам яг хэдийгээр батлагдан гарах вэ?

Төрийн албаны хуульд зааснаар 47 дүрэм, журам дагалдан гарна. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Засгийн газар, ТАЗ, Удирдлагын академи зэрэг байгууллагууд бүтэн жилийн хугацаанд хангаж байгаа. УИХ-аар батлагдах есөн журмын төсөл бидний гар дээр ирчихсэн байна. Ойрын үед Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Эдгээр журам батлагдсанаар хууль хэрэгжих хөрс тавигдана. Үлдэж буй журам, дүрмийг арваннэгдүгээр сардаа багтаагаад гаргах боломжтой гэж үзэж байгаа.

Аливаа хуулийг батлахын өмнө тал бүрээс хэлэлцэн боловсруулдаг хэдий ч хууль батлагдсаны дараа бусад хуультай зөрчилдөх, ойлголтын зөрүү үүсэх, үүнээс үүдэн хууль хэрэгжилтэд сөрөг нөлөө гарах нь бий. Төрийн албаны тухай шинэчлэн баталсан хууль тийм бэрхшээлгүйгээр батлагдаж чадсан уу?

Амьдрал баян. Хуулийг хэрэгжүүлэх явцад болохгүй зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулиа хэрэгжиж эхлэхээс нь өмнө өөлөх биш хэрэгжүүлж үзээд аль болох бүтэх талаас нь анхаарах ёстой.

Төрийн албаны тухай хууль зөвхөн төрийн хаагчдад хамаатай мэтээр хүмүүс ойлгодог. Тэгвэл энэ хууль иргэн бүрт хамааралтай гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?

Төрийн албаны тухай хууль нь 190 гаруй мянган төрийн албан хаагчдад үйлчилнэ. Тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагчдын гол харилцааг зохицуулж өгч байгаа. Үүнд 50 гаруй мянган албан хаагч хамааралтай гэсэн үг. Төрийн үйлчилгээний албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын хувьд зарим харилцааг салбарын хуулиар нь зохицуулдаг тал бий. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, соёл, батлан хамгаалах хуулиар зохицуулдаг харилцаа нэлээд бий.

Үргэлжлэлийг ЭНД – ээс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *