NBA-гийн тоглогчдын амьдралын 50% секс, 50% мөнгө

50 хувь нь секс, 50 хувь нь мөнгө… Деннис Родман

Энэ үг үнэнээс хол зөрүүгүй болохыг доор өгүүлэх түүхүүд харуулна.

1990-ээд оны үед “Лейкерс”-ийн тоглогч Жеймс Уорти шөнийн клубт хоёр биеэ үнэлэгчтэй муудалцаж, улмаар цагдаад баригджээ. Үүнээсээ болоод “Хьюстон”-ы эсрэг плей оффын тоглолтоос хоцрох шахсан байна. Эцсийн мөчид тэрээр ордонд ирж, 24 оноо аван баг нь хожсон ч энэ нь секс NBA-гийн тоглолтод нөлөөлж болно гэсэн анхны дохио байсан юм.

2011 оны тавдугаар сард “Шэннон Браун По Газолийн найз бүсгүйтэй нэг удаа учир ургуулчихжээ” гэсэн яриа гарч, гярхай сэтгүүлч нар испани тоглогчийн амжилтгүй тоглолтыг энэ явдалтай холбосон юм. Тоглогч үүнийг үгүйсгээгүй бөгөөд Шэннон Браун тэр улиралдаа “Лейкерс”-ээс хөөгдөж, NBA-д дахин 2.5 жил л тоглосон байдаг. Тэрээр одоо G лиг хэмээх төвшин доогуур газарт таваргаж яваа аж.

Дерек Фишер 2015 онд “Мэмфис”-ийн Мэтт Барнсын эхнэртэй учир ургуулж, энэ нь NBA-гийн удирдлагын төвшинд яригдаж байсан түүх бий. Тэр үед Мэтт Барнс эхнэртэйгээ юм ярихаа ч болсон, Д.Фишер эхнэрээсээ салж байсан үе. Гэсэн ч Мэтт Д.Фишерийг хашраахаар Лос Анжелест очиж бөөн юм болж байв. Түүнээс хойш М.Барнсыг торгуулийн шидэлт хийхэд алдуулахын тулд эсрэг багийн дэмжигчид нь Дерек Фишерийн нэрийг дуудан уухайлдаг болсон нэг ийм түүх байдаг аж.

Пол Жорж 2014 онд тайчигч хүүхнээс хүүхдээ салгаж авахын тулд сая ам.доллар төлөхийг оролдож байсан түүх бий. Тэрээр дасгалжуулагч Док Риверсийнхээ охинтой уулздаг байсан нь олон нийтэд мэдэгдэж шуугиан тарж байсан удаатай. Сонирхолтой нь, гурван жилийн дараа бас нэгэн тайчигч хүүхэн түүний хүүхдийг гаргасан гэдэг.

Тони Паркер эхнэр Эва Лонгориягийнхаа араар тавьж багийн анд Брэнт Бэрригийн эхнэртэй уулздаг байсан нь илэрч байв.

Энэ мэтийн түүх NBA-гийн тоглогчдын амьдралд байнга тохиолддог, олон нийт спортын амьдралд нь илүү ач холбогдол өгдөг нь гайхалтай.

Сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-ын гишүүн Карл Мэлоун 20 настай байхдаа 13 настай охиныг жирэмсэн болгож байжээ. Эцэг эх нь хүүхдийн эцэг хэн болохыг мэдсэн ч “сайн хөрш”-ийн харилцаагаа бодоод цагдаад өгөлгүй орхижээ (Мэлоун 100 гаруйхан оршин суугчтай жижиг тосгоноос гаралтай). Хэрвээ цагдаад мэдэгдсэн бол заалттай шоронд орох байв. NBA-гийн түүхийн шилдэг таван тамирчны нэгд баттай тооцогдох гурван ч тоглогчид ийм явдал тохиолдож байсныг эргэн саная.

Коби Брайантыг 2003 онд хүчингийн хэрэгт буруутгасан. Гэсэн ч тэрээр гэр бүлээ хадгалж үлдсэн төдийгүй жилийн дараа багтайгаа долоон жилийн 136 сая ам.долларын гэрээ байгуулж байв.

1991 онд Мэжик Жонсон дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгч байв. Гэсэн ч баг нь аваргын төлөө шалгарч, өөрөө “Чикаго”-гийн эсрэг цувралд 18.6 оноо, 12.4 дамжуулалт дунджилсан хэрнээ зодог тайлсан нь ДОХ-ын халдвар авсантай нь холбоотой. Зарчмын хувьд бол тэр цаашид тоглож болох байсан. Гэвч өвчний талаар ойлголт хомс байсан үе тул заримдаа багийн андууд нь гар барихаас цааргалах гэх зэргээр сэтгэлзүйд нь нөлөөлсөөр зодог тайлахад хүргэсэн байдаг. “Мөрөөдлийн баг”-т багтаж, бүтэн хоёр сар бэлтгэл хийхэд хүртэл нэг ч тоглогч түүнийг талбайдаа эргэж гар гэж зөвлөөгүй гэдэг. Тэрээр 1996 онд, нэгэнт харьсан үедээ талбайдаа эргэн гарсан ч урьдын шидээ үзүүлж чадахаа больсон байсан юм. Тоглогч ахуйдаа хэдэн арван бүсгүйтэй нэгэн зэрэг зугаацдаг зуршил нь түүнийг ийм байдалд хүргэсэн байдаг.

Зөвхөн NBA ч гэлтгүй, их мөнгө эргэлддэг лиг болгонд л тоглогчтой холбоотой иймэрхүү дуулиан шуугиан цөөн бус гардаг. Бэлгийн дарамт, хүчирхийлэл, эцэг тогтоох, тэтгэмж тогтоолгох гээд шалтгаан нь янз бүр ч таатай бус. Тамирчид өндөр цалинтай учир мөнгө салгачих гэсэн хүмүүс байнга тааралдана. Тэр бүгдийг тэсвэрлэх нь эр хүний хувьд бас ч хүнд “хөдөлмөр” байж мэднэ. Кобигийн хэрэг тоглогчдод том сануулга өгсөн учир орчин үеийн тоглогчдын зугаацах арга нь технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн улам бүр хялбаршжээ.

NBA-гийн тоглогчдын гар утсыг шагайгаад үзвэл “Tinder” хэмээх аппликейшн суулгаастай байх вий. Энэ бол хариуцлага хүлээхгүй, зорилго тодорхой болзоо зохион байгуулахад ашиглагддаг насанд хүрэгчдэд зориулсан аппликейшн юм.

Өмнө нь тоглогчид цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд шөнийн клубт очиж, тэндээ бусдын олз болох эрсдэлтэй учирдаг байсан бол одоо энэ асуудал бүрэн шийдэгджээ. Тоглолт тараад зочид буудлын өрөөндөө очиход л сонгосон бүсгүй нь хүлээж байх нь тэр.

Илүү тодорхой жишээ авъя. 1988 онд бүх тоглолтын 67 хувьд нь талбайн эзэн баг ялдаг байжээ. 2000-аад онд энэ үзүүлэлт 60 хувь хүрч буурсан бол 2014-2015 онд 57.4 хувь болтлоо буурсан юм. Шалтгаан нь, зочлон тоглох багийн тамирчдын тав тух дээд зэргээр хангагдсантай холбоотой. Тухлаг нислэгээр зорчиж ирээд, үнэтэй буудалд бууж, нэмэлт үйлчилгээ авч, архи дарснаас хол байснаар талбайд илүү өндөр сэтгэлзүйтэй гардаг болохыг тамирчид өөрсдөө баталж байна. NBA-д 15 жил зүтгэсэн өдгөө ч ид тоглож буй нэгэн тоглогчийн өгүүлснээр, зочлон тоглолтоор яваа багийн тамирчид 15 жилийн өмнөхөөс дор хаяж 1-2 цаг илүү унтаж амардаг болсон нь амжилтад хамгийн ихээр нөлөөлсөн гэнэ. Унтаж амрах цаг хожуулсан ачтан нь мөнөөх “Tinder” ажээ. Хэрвээ энэ аппликейшн байгаагүй бол тоглогчид шөнийн клубээр сэлгүүцэж, хэрэг төвөгт ч илүү ихээр орох байсан гэнэ.

Одоо мөнгөний тухай. 2015 онд Холбооны мөрдөх товчооныхон NBA, их, дээд сургууль, “Адидас” компанид ажил эрхэлдэг 10 хүнийг баривчилсан юм. Тэднийг тоглогч болох ирээдүйтэй сурагчийг их дээд сургуульд зуучлах, улмаар мэргэжлийн төвшинд очих үед нь “Адидас”-тай гэрээ байгуулуулах зэрэг зорилгоор гэр бүлд нь хахууль өгдөг байсан хэрэгт буруутгасан юм. Рик Питино мэтийн бузар явдалтнууд энэ ажиллагаагаар илчлэгдэж, сагсан бөмбөгийн спортоос бүрмөсөн холдсон ч их мөнгө өөрөө тийм үл бүтэх хүмүүсийг төрүүлдэг нь маргашгүй үнэн билээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *