“Би хүүгээ байгаагаар нь хайрладаг”

АНУ-ын Спрингфилд хотод одоогоос жилийн өмнө гавлын ясгүй нэгэн хүү мэндэлжээ. Түүнийг Овен Мастерсон гэдэг. Хүү аравдугаар сарын 27-ны өдөр нэг нас хүрсэн байна. Хүүгийн ээж жирэмсний 24 долоо хоногтойдоо эмнэлэгт очиход сэтгэл өвтгөм мэдээ сонсжээ.

“Ураг урд болон хойд гавлын ясгүй байна, хэвлийдээ эндэх магадлал өндөртэй, төрлөө гэхэд төрөлтийн явцад эндэж магадгүй” гэж эмч нар хэлсэн байна. Эмч нар түүнд үр хөндөхийг санал болгов.

Анх тэр мэдээг сонсоод хүүгийн аав Том ухаан алдан унаж байжээ. “Бид хоёр ярилцаад эмч нарт “үгүй” гэсэн хариулт өгсөн. Ямар хүүхэд төрөх гэж байгааг төсөөлөөгүй. Гэхдээ бидэнд бурхнаас заяасан хүүхдийг буцааж болохгүй гэж бодсон. Хүү минь хэдхэн минут, цаг, хэдхэн хоног амьдарсан ч хамаагүй бид хамтдаа байна гэж шийдсэн” хэмээн ээж Жессика Мастерсон өгүүлэв. “Хэрвээ төрөх явцад амиа алдчихвал яана аа. Хэвлийд минь ч болтугай амьдраад ав даа. Эсвэл эмч нар алдсан ч байж болно шүү дээ” гэж ээж нь хүүдээ шивнэдэг байсан байна.

2017 оны есдүгээр сарын 13-нд Овен хүү яг төрөх ёстой хугацаандаа амжилттай төрлөө. “Хүү маань уйлсан. Тэр дууг сонсоод бид хоёр үнэхээр их баярласан. Бурхан минь, амьд байна, уйлж байна шүү дээ” гэж нөхөр маань хашхирсан. Дараа нь бид хоёр хүүгээ алдчих вий гэж айсандаа тэврээд л байсан. Хэдхэн минут ч болтугай хамт байхын тулд холдохыг хүсээгүй” гэж Жессика ярижээ.

Харин одоо тэдний гэр бүл дөрвөн ам бүлтэй. Хүүгийн аав Том Мастерсон сургуулийн эрхлэгч, харин ээж Жессика Мастерсон хэл ярианы эмч мэргэжилтэй ч одоо гэртээ сууж, хүүгээ хардаг. Тэд гурван жилийн өмнө том охиноо үрчлэн авч байжээ.

Одоо Овен хүүгийн биеийг олон эмч ээлжлэн хянаж, торддог. Овен хүү сууж, мөлхөж, хүчтэй хөдөлж чаддаггүй. Тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хөдөлдөг. Овений хараа, сонсгол хэвийн. Хүн ойртоход жирийн л хүүхэд шиг мэдэрнэ, ээжийгээ дагаж инээнэ, хуруунаас нь бяцхан гараараа атгаад, тавих дургүй. Энгийн хүүхдүүдийн нэгэн адил гараараа аливаа зүйлийг барьж салхилгагүйтэх дуртай гэнэ.

Хүүгийнх нь баяр баясал, байгаа байдал маш олон хүний амьдралд итгэл үнэмшил төрүүлнэ гэж эцэг эх нь боддог. Хүүгийн эцэг Мастерсон “Биднийг сонгоод ирсэн үрээ бид чадах чинээгээрээ хайрлах болно. Түүнд өгч чадах юу байна бүгдийг нь зориулна” хэмээсэн байна. “Мэдээж, ийм хүүхэдтэй байх тийм амар биш. Гэвч би хүүгээ өөр ямар ч хүүхэдтэй харьцуулдаггүй. Би хүүгээ байгаагаар нь хайрлана” гэж Жессика өгүүлжээ.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *