Эдгээр дүрмүүдийг өнөөдрөөс мөрдөж эхэллээ

УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоолтой холбоотойгоор өнөөдрөөс /2018.11.1/ улсын хэмжээнд мөрдөж эхэлж байгаа шинэ дүрмийг танилцуулъя.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧИЛСЭН ДҮРЭМ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 1925 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш 11 удаа шинэчилж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ хамгийн сүүлд 2004 онд шинэчлэн баталснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч өөрчлөлт оруулаагүй. Жил ирэх бүр автотээврийн хэрэгсэл, осол аваар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх шаардлага тулгарсан. Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталж, арваннэгдүгээр сараас эхлэн албан ёсоор мөрдөхөөр болсон юм. Шинэчилсэн дүрэм нь 27 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай. Эдгээрээс чухал заалтыг зургаар хүргэе.

ГАДААД ПАСПОРТЫГ 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ОЛГОНО

Засгийн газрын тогтоолоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Түүнчлэн гадаад паспортыг нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Долоон буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзалгүй захиалж, захиалсан газраасаа паспортаа авах боломжтой болсон.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм. Тус хуулийн 17.3-т зааснаар дипломат, албан гадаад паспортын хүчинтэй хугацаа таван жил, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил байна. Харин 16-аас доош насны хүүхдийн энгийн гадаад паспортыг таван жилээр олгоно.

Гадаад паспорт захиалахдаа үүнийг мөрдөнө үү

Иргэний цахим үнэмлэх

Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх

Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй гурван хувь цээж зураг

Гадаад паспорт тань захиалсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор гарна. Төлбөр нь 32500 төгрөг бөгөөд хэрэв яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмж төлснөөр ажлын гурав хоногт гаргуулах боломжтой.

Түүнчлэн гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа бүрдүүлэх шаардлагатай юм.

Хүүхдэд гадаад паспорт авахдаа дараах зүйлсийг бэлтгээрэй

Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт

Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт

Таваас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх

Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй гурван хувь цээж зураг

Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх

Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорттай адил

ЭМНЭЛГЭЭС ХҮҮХДЭД РЕГИСТР ОЛГОЖ, БҮРТГЭНЭ

Улсын бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх үүднээс өнгөрсөн сараас эхлэн хүүхэд нийслэлийн эмнэлэгт төрсөн даруйд регистрийн дугаар олгож, төрсөн болон нас барсныг тухайн эрүүл мэндийн байгууллага бүртгэхээр болсон. Ингэснээр уг бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд автоматаар хадгалагдаж байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн уг шинэчлэлийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.

ГЭРЭЭСЭЭ ӨӨРТ ХЭРЭГТЭЙ ЛАВЛАГААГ АВЧ БОЛНО

Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн burtgel.mn сайтаас цахим үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг өөрт хэрэгтэй лавлагааг гэрээсээ, байгаа газраасаа авах боломж бүрдэж байна.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *