Арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ

Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэж байна.

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу Завхан, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4- 9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Увс, Завханы ихэнх нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Увсын зүүн хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Завханы хойд хэсгээр дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Өвөрхангайн ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн эхнии хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

Энэ сард Өвөрхангайн ихэнх, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5-1,0 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хэнтийн уулсаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр шөнөдөө ихэнх нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 4-9 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэгдүгээр дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр хүйтэрнэ.

Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус дулаанас 2 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхээр Арц Богдын өвөр хоолойгоор 16-18м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 18-20 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Эх сурвалж: ЦУОШГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *