Нэрэлхүү зангаасаа болж их хэмжээний төлбөрт унажээ

Японы нийслэл Токио хотын жуулчид ихээр очдог цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг нэгэн хүн гадаадын зочдоос мөнгө авахаасаа санаа зовсноос болж нийт 25 сая иен буюу 222,000 ам.долларын өрөнд оржээ.

Өдгөө 70 насны сүүдрийг зооглосон түүн рүү дөрвөн жилийн өмнө нэгэн гадаадын жуулчин уурлаж, хашхичсанаас хойш тэрбээр гадаад хүмүүсээс эмээж, цэцэрлэгт хүрээлэнд ороход нь мөнгө авахаасаа санаа нь зовдог болсон аж. Өвгөний сэтгэлийг гонсойлгосон үйл явдлаас хойш буюу 2014-2016 оны хугацаанд нийт 160,000 гаруй жуулчин Шинжүкү Гёэний үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилсон байна. Харин 2016 онд тус цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг нэгэн хүн түүнийг хүмүүсээс мөнгө авахгүй байгааг анзаарчээ.

Шинжүкү Гёэний үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочлох нэг удаагийн төлбөр нь насанд хүрэгчдэд 200 иен буюу 1,80 ам.доллар, хүүхдэд 50 иен байдаг.

“Би гадаад хэлээр огт ярьдаггүй. Нэгэн удаа гадаадын жуулчин над руу уурлаж, хашхичхад би маш их айж, ичсэн” хэмээн тэрбээр хэлжээ.

Хүмүүст тасалбар зардаггүй байсан хэргийг сонсоод, Байгаль орчны яамнаас шалгалт хийж үзэхэд 2014-2016 оны хооронд гурван жилийн хугацаанд тэрбээр компьютертоо тасалбар авах хүсэлт оруулаад, дараа нь устгадаг байжээ. Аудитын шалгалтаар түүнийг нийт 25 сая иений тасалбарын мэдээллийг устгасныг тогтоосон аж. Энэ явдлаас хойш төлбөрийг төлөхийн тулд сар бүр цалингаасаа арван хувь суутгуулж эхэлсэн байна. Харин өдгөө тэтгэвэртээ гарсан ч тэтгэврийн мөнгөнийхөө тал хувийг нь өөрийнхөө учруулсан алдагдалд зориулан төлдөг ажээ.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *