Японд анхны хиймэл оюунтай ATM ажиллаж эхэлнэ

Японы нэгэн компани тус улсын хувьд анхны хиймэл оюунд суурилсан, хулгай, луйвраас сэргийлдэг ATM буюу бэлэн мөнгөний машиныг зохион бүтээжээ.

Машинд суурилсан камер нь үйлчлүүлэгчийн үйлдэл, хөдөлгөөнд шинжилгээ хийж, хууль бус алхмыг таслан зогсоодог байх гэнэ.

Японд өндөр настнуудыг утсаар залилан их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг хэрэг түгээмэл болоод байгаа. Тэд шилжүүлсэн мөнгийг нь өсгөөд буцааж өгнө хэмээн утсаар ятган тайлбарлаад мөнгөө хаашаа шилжүүлэх талаар заавар өгдөг ажээ.

Хэдийгээр ийм залилангаас сэргийлэх талаар байнга ухуулж, мэдээлэл өгдөг ч 2018 оны эхний хагасын байдлаар өндөр настнууд 1.07 тэрбум иень ($9.5 сая) алдаад байгаа юм.

Шинэ ATM нь үйлчлүүлэгч мөнгө шилжүүлж байхдаа утсаар ярьж байгааг мэдэрвэл анхааруулга үзүүлж, үйлдлийг нь зогсоох ажээ.

Үүнээс гадна ATM үйлчлүүлэгчээс маск, нарны шилээ авахыг шаардаж, үүнийг нь биелүүлээгүй бол үйлдлийг нь хориглодог.

“Deep learning” технологи ашигладаг энэ машин нь маш олон сэжигтэй үйлдлийн дүрснээс өөрөө суралцаж, гэмт үйлдлийг ялгаж таних чадвараа тасралтгүй хөгжүүлэх юм байна.

Шинэ ATM-ыг Hitachi-Omron Terminal Solutions Corp компани бүтээж байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард эхлэх шинэ санхүүгийн жилээс хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.

source: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *