Э.Содномпилжээ шилдэг тамирчинд нэр дэвшив

Олон улсын Паралимпийн хорооноос сар бүр шилдэг тамирчдыг тодруулж байгаа билээ. Өнгөрөгч аравдугаар сарын шилдэг тамирчныг тодруулах санал асуулгад АНУ, Япон, БНСУ, Узбекистан, Монголын тамирчид багтжээ.

Энэ удаа пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ “Жакарта 2018” Азийн Пара наадмын аварга болсон амжилтаараа нэр дэвшсэн байна. Тэрбээр пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэнээс гадна дэлхийн рекордыг 244 кг-аар шинэчлэн тогтоосон юм.

“Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн рекорд амжилтыг эзэмшигч гавьяат тамирчин Э.Содномпилжээг дэмжин https://www.paralympic.org/ вэб сайт руу орж саналаа өгөөрэй. Энэхүү санал хураалт арваннэгдүгээр сарын 8-ны өдөр өндөрлөж, шилдэг нэг тамирчныг тодруулах аж.

Олон улсын Паралимпийн хорооноос 2018 оны сар бүрийн шилдэг тамирчдыг тодруулж байгаа бөгөөд АНУ, Канад, БНХАУ, Их Британи, Ирак, Нидерланд зэрэг орны тамирчид сарын шилдэг тамирчин болоод байна.

Монгол Улсаас пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа 2017 онд дэлхийн аварга болсны дараа шилдэг тамирчинд нэр дэвшиж байсан юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *