Билл Гэйтс хурлын индэр дээрээс шилэн савтай хүний ялгадас үзүүлжээ

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Билл Гэйтс Хятадын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдаж байгаа “Reinvented Toilet Expo” буюу жорлонгийн шинэчлэлийн талаар олон улсын чуулганд оролцож байна.

Түүний байгуулсан сан олон жилийн турш жорлон, бохирын системийг сайжруулах, хүртээмжтэй болгох шинэ технологи бий болгохоор ажиллаж байгаа юм.

Өчигдөр уг чуулган дээр илтгэл тавихдаа Гэйтс шилэн савтай хүний ялгадас гаргаж ирээд жишээ татаж тайлбарласан нь жорлонгийн асуудалд олны анхаарлыг татах зорилготой байв.

Тэрээр өчүүхэн хэмжээтэй ялгадас ч ямар хор хөнөөлтэй болохыг тайлбарлажээ. Гэйтс “Энд юу байгааг та бүхэн таасан байх. Хүний ялгадас. Яг ийм багахан хэмжээтэй ялгадсанд 200 их наяд ротавирусын эс, 20 тэрбум Шигелла бактер, 100,000 шимэгч хорхойн өндөг бий” гэж хэлсэн байна.

 

Энэ бүх хортой биетүүд дэлхий даяар жил бүр бага насны 500,000 хүүхдийн аминд хүрдэг гэнэ. Тиймээс ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем хүн төрөлхтөнд маш чухал болохыг Гэйтс онцолжээ.

Асуудлыг шийдэхийн тулд Гэйтс өөрийн сангаараа дамжуулж, шинэ технологийн жорлон, цэвэрлэх байгууламж бүтээх судалгааны ажилд $200 саяыг зарцуулсан бөгөөд дахин $200 саяыг зарцуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Гэйтсийн зорилго нь хямд өртөгтэй, өндөр үр ашигтай жорлон зохион бүтээж, хүний ялгадсыг ус, цахилгаан, бордоо зэрэг хэрэгтэй зүйлд хувиргадаг бохирын системтэй болох юм.

Бээжинд болж буй арга хэмжээний үеэр түүний санхүүжүүлсэн төслүүдийн бүтээл болох өндөр технологийн 20 төрлийн жорлонг танилцуулсан байна.

Гэйтс “Жорлонгийн технологид сүүлийн 200 орчим жилд гараагүй ахиц дэвшлүүдийг та бүхэн эндээс харж болно” гэж хэлжээ.

Тэр бас “Арван жилийн өмнө би өөрийгөө хүний ялгадасны талаар өнөөдрийнх шиг их мэдлэгтэй болно гэж төсөөлж байсангүй. Бас хоолны ширээний ард жорлон, ялгадасны талаар ярихыг минь Мелинда хориглодог болно гэж огт бодож байсангүй” гэж хэлээд хуралд оролцогсдыг инээлгэж байв.

“Гэхдээ би өнгөрсөн долоон жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлдээ маш их сэтгэл хангалуун байна” гэж дэлхийн хоёр дахь тэргүүн баян хэлжээ.

source: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *