Хөмсөг засаж тэрбумтан болов

Охид, бүсгүйчүүд өөрсдийнхөө хөмсгийг урлагийн бүтээл мэт засаж чадна хэмээн итгүүлснээр Aнастасия Суаре гоо сайхан, нүүр будалтын мега бизнесээ босгож чаджээ.

1989 онд Румынаас Лос-Анжелес руу охиноо дагуулан цагаачилсан Анастасия Суаре англиар муухан ярьдаг ч урлагийн боловсролтой, маркетингийн мэдлэгтэй нь түүний давуу тал байв. Тэрбээр нэгэн салонд гоо сайханчаар ажилд орсон бөгөөд тэндээ хөмсөг засахад мэргэшжээ.

Суаре тэгш хэмтэй төрх бий болгож, үйлчлүүлэгчдийнхээ хөмсгийг “алтан харьцаа” ашиглан засдаг байв.

Эртний Грекээс гаралтай энэ концепц сэргэн мандалтын үеийн урлаг, орчин үеийн уран барилга, бусад олон салбарт тусгалаа олсон байдаг.

Хувийн салон нээх хангалттай хэмжээний хөрөнгө хураасан Суаре 1997 онд Беверли Хиллст өөрийн салоныг нээж, 2000 онд “Аnastasia Beverly Hills” хөмсөгний будгийн брэндийг худалдаанд гаргав. Борлуулалт төдийлэн сайн байгаагүй ч Instagram-ийн эрин эхлэхэд охин нь түүнд нийгмийн сүлжээ ашиглахыг зөвлөжээ.

Түүнээс хойш байдал өөрчлөгдөж, тэд Суарегийн бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай Ким Кардашян зэрэг алдартныг зар сурталчилгаандаа татан оролцуулах болов. Энэ нь ч үр дүнгээ өгч, өнөөдөр “Anastasia Beverly Hills” instagram дээр 17 сая дагагчтай болсон ба Суарегийн цувралууд дэлхий дахинаа 1,500 гаруй дэлгүүрт худалдаалагдаж байна.

Өдгөө 60 настай Суаре жилд 340 сая ам.долларын орлоготой “Anastasia Beverly Hills” брэндээ бүхэлд нь дангаар эзэмшдэг хэмээн 2016 онд мэдэгдсэн билээ. Түүний хувь эзэмшил өдгөө 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *