Хөвсгөлд төөрсөн хятад иргэдийг ар гэрийнхэн нь хайж байна

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хүч нэмэгдүүлэн хайж байна. Тодруулбал, БНХАУ-ын харьяат иргэн эрэгтэй 25 настай М, 28 настай эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй байгаа юм.

Тэднийг сураггүй алга болсон тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч үүн дээр хүч нэмэн Хилийн 0275 дугаар ангийн арван алба хаагч, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дөрвөн ажилтан болон орон нутгийн иргэд нийлэн эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Мөн алга болсон хоёр иргэний ар гэрийн долоон хүн хүч нэмэгдүүлэн хайж байгаа аж.

Хатгал тосгоны Ар гол гэдэг газар тосгоноос баруун хойд зүгт 45 км-т хээрийн удирдлагын штабыг байгуулсан байна. Тус аймгийн Онцгой комисс аравдугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан нийт 18 алба хаагч, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 18:00 цагт Хатгал тосгонд очжээ.

Тэгвэл өнөөдөр /2018.11.07/ эрэн хайх ажиллагаатай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлд нислэг үйлдэхээр болсон байна.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *