Ижлээсээ төөрсөн бамбаруушийг Баян-Уул сумын малчин Б.Баттөмөрийн хотонд өвөлжүүлэхээр болжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын гуравдугаар багийн нутагт өвөлжиж буй малчин Б.Баттөмөрийн хотонд аравдугаар сарын дундуур ижлээсээ төөрсөн баавгайн бамбарууш иржээ. Тус сумын нутагт сүүлийн 30-аад жилд баавгай үзэгдээгүй хэмээн нутгийн иргэд ярьж байгаа бөгөөд энэ бамбарууш Оросын нутгаас ирсэн байх хэмээн ярилцаж байна.

Бамбарууш айлд ирснээс хойш буцаж алга болоод гурав хоногийн дараа дахин малчин Б.Баттөмөрийнд эргэж иржээ.

Дархан цаазат, ховор амьтны талаарх мэдээллийг нутгийн удирдлагууд Аймгийн захиргаа болон БОАЖЯ-нд хүргэсний дагуу яам, аймгийн захиргаанаас албаны хүмүүс очиж танилцаад айлд нь өвөлжүүлэхээр болсон байна. Бамбарууш өвс, сүү, хүнсний ногоогоор хооллодог.

Хэдийгээр нялх ч араатан амьтан учир аюулгүй байдлыг ханган, өвөл ичихэд нь зориулан нүх ухаж, хүн, мал ахуйд аюул учруулахгүй болгосон аж. Баян-Уул сум ийн “амьтны парк”-тай болж, нутгийн иргэд бамбарууш харахаар сумын төвөөс баруун тийш 40 гаруй км-ийн зайд орших малчин Б.Баттөмөрийнх рүү зорих болжээ.

source: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *