Виферон лааг хортой гэх албан ёсны мэдээлэл гараагүй байгаа учир эмийн санд зарсаар байна

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ВИФЕРОН ЛААГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТААС БАЙТУГАЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСНА ХЭМЭЭСЭН-

Вирусны эсрэг үйлдэлтэй Виферон лааг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан нь нийгэмд багагүй маргаан дэгдээгээд байна. Тус лааг бага насны хүүхдүүдэд ихэвчлэн хэрэглэдэг. Виферон лааг 2016 оны дөрөвдүгээр сараас Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, олон нийтийн өргөн хэрэглээнд нэвтрүүлэх болсон байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч буюу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлөлттэй олгох эмийн жагсалтаас хассан” тухай мэдээллийг ярьсан байдаг. Тодруулбал, “Анаферон жоргүй эмийн жагсаалтад орж байгаа учраас зайлшгүй олгох болон жоргүй олгох эмийн жагсаалтад орохгүй. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ вирусыг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” хэмээн ярьсан билээ.

Тус лааг импортлон оруулж ирдэг компаниудын нэг болох “Энто” ХХК эрүүл мэндийн салбарын сайдын эсрэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр тараасан юм. Тус компаниас “Салбарын сайд нь өөрөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн албан ёсоор нотлогдоогүй буруу ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Сайдын тус мэдээлэл эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилладаг эмч нарыг үгүйсгэсэн, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг олон мянган иргэдийн эсрэг, бүтээгдэхүүнийг олон жилийн судалгаа хийж бүтээсэн эрдэмтэд түүний баг бүрэлдэхүүний эсрэг болон ОХУ-ын Шинжлэх ухааны салбарыг үгүйсгэсэн үйлдэл боллоо” гэж үзэж буй юм. Мөн уг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр нэг форматтайгаар олон дахин давтаж түгээж байгаа нь илтэд зохион байгууллаттай харагдаж байгаа. Иймд иргэдийг ус мэдээлэлд итгэж автахгүй байхыг уриалж, шат шатны хуулийн байгууллагад хандсан” гэсэн юм. Одоогоос 50 жилийн өмнө бүтээсэн уг лааг практикт хэрэглэж, ашиглахад ямар нэгэн сөрөг нөлөө, урвал, гаж нөлөө илэрсэг тохиолдол бүртгэгдээгүй байгаа ажээ.

“Энто” ХХК мэдэгдэл гаргасны дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа сөргүүлсэн мэдээлэл гаргасан. Тэрээр “Эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл, хүүхдийн эмч нар ТББ, ЭМЯ, АХБ-ны төлөөлөл хуралдсан. Хурлаар Виферон лааны эмчилгээнийүр дүнгийн талаар нотолгоо гаргуулах шаардлагатай гэж санал нэгтэй үзлээ. Вирусын эсрэг өргөн хэрэглэж буй энэ лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч нар, мэргэжилтнүүд бидэнд хэлж анхааруулсаар ирсэн.

Энэ үед ЭМД-аас энэ лааны үнийг 80 хувийг хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд, ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн. Үүнийг ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсаж байна. Надад эмнэлэг, эмийн сан, эм хангамжийн чиглэлд бизнес үгүй бөгөөд миний том ашиг сонирхол бол ард иргэдээ, тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай, аюулгүй өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх явдао юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг хамт олонтойгоо бүхнийг хийнэ” хэмээн нийтэлсэн байна.

-ВИФЕРОН ЛААГ ЭМИЙН САНГУУДАД ЗАРСАН ХЭВЭЭР БАЙНА-

Тус хоёр талын байр суурьтай, сөргөлдөөнтэй мэдээллийн мөрөөр бид Виферон лааг эмийн сангуудад зарж байгаа эсэхийг тодруулахыг зорилоо. Хэд хэдэн эмийн сангуудаар ороход, “Дээрээс тус лааг хориглосон албан даалгавар, мэдэгдэл ирээгүй учраас хэвийн зарж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мөн эмийн санчид хэлэхдээ “Тус лааг хортой, хүний биед сөрөг нөлөөтэй, хүзхдийн дархлааг усгтгадаг” гэх мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна. Тиймээс лааг хэвийн зарж байгаа. Эцэг эхчүүд ч худалдан авалт хийхдээ голдуу энэ лааг сонгож байгаа. Хэмжээнээсээ хамаарч янз бүрийн үнэтэй худалдаалагдж байна. Зарим хүмүүс эмчинй жортой цаасаа барьж ирээд л худалдан авдаг юм. Дээрээс ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учир зарсаар байгаа шүү дээ. Хүний биед хортой гэж хэн ч батлаагүй байхад иргэдийг битгий ав гэж хэн хэлэх юм бэ” хэмээцгээсэн юм.

Мөн хэд хэдэн өрхийн эмнэлгээр орж тус лааг хэрэглэх жор бичиж байгаа эсэх талаар тодруулахад мөн л эмийн санчидттай адилхан хариулт хэлж байлаа. “Тус лааг хортой гэдэг баталгаатай судалгаа шинжилгээний хариу гараагүй, мөн дээрээс худалдахаа болиулах албан ёсны мэдээлэл гараагүй байгаа учир бид зайлшгүй тохиолдолд эцэг эхчүүдэд жор бичсээр байгаа. Тус лаа нь найрлагадаа хүний альфа2-б интерферон, С болон Е амин дэмийг агуулдаг. Хүний альфа2-б интерферон нь дархлаа дэмжих, вирусын үржлийг зогсоох үйлчилгээтэй бол С болон Е амин дэмүүд нь биеийн эсэргүүцлийг сайжруулж үрэвсэл намжаах, исэлдэлтийн эсрэг, бодисын солилцоог сайжруулах үйлдэлтэй” хэмээсэн юм.

Вифероны бүлгийн бэлдмэлүүд өвдсөн үед дархлаа дэмжих үрэвслийн эсрэг үйлдлээ дангаараа гүйцэтгэх боломжгүй заавал өөр эмчилгээтэй хавсарч байж үр дүнд хүрдэг аж.

source: medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *