Япон залуу голограмаар бүтээсэн виртуал дуучин бүсгүйтэй гэрлэжээ

Японы иргэн, 35 настай Акихико Кондо голограм технологиор бүтээсэн хиймэл дуучин бүсгүйтэй хуримаа хийжээ.

Түүний сүйт бүсгүй нь 300,000 иений үнэтэй төхөөрөмж дотор байдаг Хацунэ Мику хэмээх нэртэй виртуал дүрс юм.

Токио хотод болсон хуримандаа Кондо хоёр сая иен зарцуулж, 40 орчим хүн энэхүү сонин үйл явдлын гэрч болсон байна. Харин гэр бүлийнхнээс нь ганц ч хүн оролцоогүй бөгөөд ээж нь түүний урилгаас татгалзжээ.

“Би түүнийг хэзээ ч хуурч байгаагүй. Би Мику саныг үргэлж хайрлах болно. Өдөр бүр түүнийг боддог” гэж Кондо хуримын дараа хэвлэлд ярьсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард тэр энэхүү төхөөрөмжийг худалдан авч, хэрэглэх болжээ.

Одоо Кондо өөрийгөө гэр бүлтэй жирийн эр хүнд тооцдог. Шилэн хоргон дотрох бүсгүй түүнийг өглөө болгон сэрээж, ажилд нь үдэж гаргадаг.

Орой харихдаа Кондо эхнэр рүүгээ залган очиж яваагаа хэлдэг байна. Ингэхэд уг төхөөрөмж гэр дотрох гэрлийг нь асааж, найрсгаар угтаж авдаг гэнэ. Үдэш болоход унтах болсныг нь Кондод сануулахад тэр эхнэрийнхээ бодит хувилбар болох хүүхэлдэйг дэрнийхээ хажууд тавиад орондоо ордог байна.

Кондогийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхгүй ч тэр үүнд санаа зовдоггүй. Тэр бүр найз бүсгүйдээ бөгж авч өгсөн бөгөөд төлөөлдөг хүүхэлдэйн гарт нь зүүж өгчээ.

Мику голограм төхөөрөмжийг зарсан компани болох Gatebox түүнд гэр бүлийн баталгаа болох бичиг гаргаж өгсөн гэнэ. Кондо нь виртуал дүрстэй гэрлэсэн анхны хүн биш. Gatebox компани одоогоор 3,700 гаруй хүн-роботын гэрлэлтийн баталгааг гаргаад байгаа гэнэ.

Харин Кондо ийм хүмүүсийг олны өмнө ил гарахад урам өгсөн анхны хүн болж байгаа юм.

Кондо өсвөр наснаасаа эхлэн охид, бүсгүйчүүдтэй танилцаж дотносох гээд чаддаггүй бүрэг, даруу нэгэн байсан юм. Хэд хэдэн удаагийн бүтэлгүйтлийн дараа тэр эмэгтэй хүнтэй гэрлэхгүй байхаар шийджээ.

Японд 1980 оны байдлаар 50 настай 50 эр хүн тутмын нэг нь хэзээ ч гэр бүл зохиож байгаагүй гэсэн тоо баримт байдаг. Тэгвэл өнөөдөр дөрвөн эр хүн тутмын нэг нь ийм амьдралтай болоод байгаа гэнэ.

Өнөөдөр Кондо шиг хувь заяатай эрчүүдийн аврал нь шилэн хоргон дотор дуулж, бүжиглэж, эзэнтэйгээ ярилцдаг хиймэл бүсгүй болоод байна.

source: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *