Улаанбаатар хот түймэр автсан мэт агаарын бохирдолтой байна

Та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “www.unsick.me” сайт ээлжит нийтлэлээ хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно.

АНУ-ын Калифорни муж гал түймрийн гамшигт өртөөд удаагүй байна. Тус муж даяар 7,000 гаруй ой хээрийн түймэр шатаж, тус мужийн агаарын чанар түүхэнд байгаагүй хэмжээнд мууджээ. Энэ хэмжээ түүхэнд анх удаа Улаанбаатар хотын утааг давсан үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот байнгын түймэрт автсан юм шиг агаарын бохирдолтой байна.

Ойрын жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдолд дорвитой арга хэмжээ авахгүй бол та бидний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулах боломжтой юм. Тэгвэл агаарын бохирдол жирэмсэн эхийн ураг, зүрх судсанд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг Харвардын судалгаанаас товч дурдая.

АГААРЫН БОХИРДОЛ ГЭДСЭНД БУЙ УРАГ БОЛОН ЗҮРХ СУДСАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хүн өдөрт дасгал хөдөлгөөн, биеийн хэмжээнээс хамаарч 10,000-20,000 литр агаараар амьсгалдаг. Бидний амьсгалж буй агаар үйлдвэрийн утаа, тээврийн хэрэгсэл, цахилгаан үүсгүүр, бусад эх үүсвэрээс улбаалж бохирдож байдаг. Магадгүй, Улаанбаатар хотын агаар бохирдоход гэр хорооллын яндангийн утаа тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байж болох юм.

Агаарын бохирдол нь нүүрсний дутуу шаталтын бүтээгдэхүүн болох нүүрстөрөгчийн дан исэл (CO), агаарт дэгдсэн хийн нэгдэл, хорт бодис, жижиг тоосонцор зэргээс бүтдэг. Бохирдсон агаараар хүн амьсгалахад уушгинд нөлөөлж, улмаар цусанд шингэсэнээр зүрх судасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, амьсгалах агаарт агуулагдах хүчилтөрөгч улаан эстэй нэгдэж эд эс рүү зөөвөрлөгдөнө. Утаанд агуулагдах нүүрстөрөгчийн дан исэл болох CO (утаа) нь улаан эстэй хүчилтөрөгчээс илүү нэгдэх чадвар өндөртэй байдаг.

CO-той холбогдсон улаан эс хүчилтөрөгчтэй холбогдож чаддаггүй. Иймд, утаагаар амьсгалсан хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж байдаг. Энэ нь жирэмсэн урагт илүү сөргөөр нөлөөлнө. Яагаад гэвэл ураг өсөж бойжиход хүчилтөрөгч маш чухал ач холбогдолтой. Хүчилтөрөгчийн дутагдалд байнга өртвөл ургийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж ураг бүтэх, эндэх, өсөлт зогсох, дутуу төрөх ба ургийн гажиг үүсэх аюултай.

Бохирдсон агаараар амьсгалахад уушиг, зүрх судасны эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг болохыг дээр дурьдсан. Бохирдсон агаараар уушги амьсгалахад хорт бодис, тоосонцор нь амьсгалын замыг цочроохоос гадна цусанд нэвчиж шингэж байдаг. CO ба хорт бодис агуулсан цус судсаар дамжин урсах явцдаа судасны ханыг цочроож гэмтээнэ. Удаан хугацаагаар агаарын бохирдолд өртөхөд судасны хана хатуурч нарийсдаг. Судас хатуурч нарийсахад артерийн даралт ихсэх, зүрхний ишеми өвчин үүсч, улмаар тархинд цус харвах эмгэг, зүрхний шигдээсийг бий болгоно.

Харвардын эрдэмтэд анх 1970 онд агаарын бохирдолд удаан хугацаагаар өртөхөд зүрх судасны эмгэгийн улмаас зуурдаар нас бардаг болохыг анх нотолжээ. Саяханы судалгаагаар агаарын бохирдол ихтэй бүс нутагт тархи, зүрхний артерийн судас хатууралд өртөж нарийсдаг болохыг тогтоосон. Магадгүй, Улаанбаатарын агаарын бохирдол 5, 10 жил үргэлжлэхэд бид тархинд цус харвах эмгэг, зүрхний шигдээсээр нас баралтыг нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Иймд, эрүүл мэндээрээ хохирч суухаар агаарын бохирдлыг бууруулах дорвитой шийдэл олоход гар бие оролцох хэрэгтэй.

Эх сурвалж: www.unsick.me

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *