SOS: Амиа хорлолтоор Монгол дэлхийд гуравт орж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд гуравт бичигдэж байна. Нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд. Түүнчлэн амиа хорлосон иргэдийн 70 гаруй хувийг 29-өөс доош насныхан эзэлж байгаа юм. Цөөн хүн амтай орны хувьд энэ бол аюулын харанга. Тэд яагаад, юунаас шалтгаалан амиа хорлох болов?

Эрчүүдийн амиа хорлолт, сэтгэл гутралын талаар АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч, анагаах ухааны докторант Р.Энхтүвшинтэй ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд манай улсад амиа хорлох үзэгдэл эрс ихэссэн. Амиа хорлосон иргэдийн 84 хувийг эрчүүд эзэлж байна гэх судалгаа бий. Энэ хэр бодит тоо вэ. Амиа хорлолтод юу нөлөөлж байна?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр амиа хорлолтын талаарх жагсаалт гаргадаг. Ингэхдээ 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтоор тооцдог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс 2017 онд 28.1 амиа хорлолттой гарч, дэлхийд гуравт бичигдсэн байдаг. Энэ тоо бодитой эсэх нь эргэлзээтэй. Учир нь, 28.1-тэй байна гэдэг нь жил бүр 870 орчим хүн амиа егүүтгэж байна гэсэн үг. Манайд хийсэн судалгаа, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар жилд 400-500 хүн амиа хорлож байна.

Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар Монголд жил бүр 470 хүн амиа хорлодог. Жилд 500 орчим хүн амиа хорлож байна гэдэг нь цөөн хүн амтай оронд бага тоо биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт амиа хорлож буй иргэдийн 80 орчим хувь нь сэтгэцийн эмгэгээс шалтгаалсан байдаг. Үүнд сэтгэл гутрах эмгэг, хоёр туйлт эмгэг буюу сэтгэл гутрал, сэтгэл хөөрлийн хавсрал, мансууруулах бодисын хамааралтай хүмүүс амиа егүүтгэх эрсдэлтэй байдаг байна.

Харин манайд хийсэн судалгаагаар нийт амиа егүүтгэсэн хүмүүсийн хоёрхон хувь нь сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь мэдэгдэж байсан. Ингээд 98 хувь нь бидний хэлж заншсанаар эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудал, стресстэй байснаас үүдсэн байдаг. Ихэнх амиа хорлолт харилцааны зөрчлөөс үүдэлтэй байсан. Мөн өр, эдийн засгийн дарамтаас үүдсэн байсан.

Нийт амиа егүүтгэж нас барсан хүмүүсийн ихэнх хувийг 15-34 насныхан эзэлдэг. Харин манайд 19-29 насныхан өндөр хувийг эзэлж байна. Судалгаанаас харахад амиа хорлолтын дийлэнх хувийг эрчүүд эзэлж байгаа ч эрчүүд түлхүү амиа хорлодог гэсэн үг биш. Эрэгтэй, эмэгтэй хүний амиа егүүтгэхээр сонгож байгаа арга, хэлбэр, гүйцэтгэл өөр байгаатай холбоотой. Амиа хорлож байгаа хүмүүсээс 10-20 дахин олон хүн амиа егүүтгэх оролдлого хийдэг. Амиа егүүтгэх оролдлого хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд ихэвчлэн амиа хорлохоор шийдэхдээ тусламж авах боломжтой, эргэн амьдрах боломжтой аргуудыг сонгосон байдаг. Энэ нь тэдний хүйсийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой байж болно.

Амиа хорлож буй иргэдийн дийлэнх нь бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой байсан. Үүнд ямар шалтгаан байна вэ. Магадгүй ажилгүйдэл нөлөөлсөн үү?

Ажилгүйдэл нэг хувиар нэмэгдэхэд амиа егүүтгэгчдийн тоо 4.5 хувиар нэмэгддэг. Нийгэм эдийн засгийн байдал амиа хорлолтод хэрхэн нөлөөлж байгаа талаар манай мэргэжилтнүүд судалгаа хийж байгаа.

Монголчууд “Эрэгтэй хүн уйлж болохгүй” гэдэг. Энэ нь тэднийг сэтгэлзүйн дарамтад оруулдаг байж болох уу. Гэтэл уйлж сэтгэл гутралаас ангижирч болно гэдэг шүү дээ?

Энэ нь харин ч тухайн хүнийг аливаа зүйлийг даван туулах сэтгэлзүйн бэлтгэлтэй болгож байдаг. Гэхдээ эрэгтэй хүн уйлж болохгүй гэсэн үг биш. Эр хүн чалчаад байдаггүй. Гэтэл эмэгтэй хүн ярьж, чалчсанаар стрессээ тайлж байдаг. Өөрт тохирсон стресс тайлах аргаа олох нь чухал. Цөөн уйлдаг хүн амиа егүүтгэх магадлал өндөр гэж үзэж болохгүй.

Эрэгтэйчүүдийн амиа хорлолтод бидний зөв гэж боддог ч буруу хандлага нөлөөлдөг байж болох уу. Эсвэл эрчүүд сэтгэлийн тэнхээгүй байна уу?

Эрчүүд сэтгэлийн тэнхээгүй болж байгаа нь үнэн. Эрчүүдийг хайрлаж халамжлахгүй байгаа биш, тэд өөрсдийн үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй, хариуцлага сул байгаа. Сэтгэлийн хат муутай байна. Энэ нь асуудлыг даван туулах чадваргүй болгож байна.

Сэтгэлийн тэнхээ гэж яг юуг нэрлэх вэ. Энэ нь хүнд байдаг чадвар уу, эсвэл амьдралын туршид бүрэлддэг үү?

Сэтгэлийн тэнхээ гэдэгт хүний ген нөлөөлнө, мөн амьдралын туршид сууж болно. Сэтгэлийн тэнхээ нь өргөн утгатай ойлголт. Бэрхшээлийг даван туулах чадварыг сэтгэлийн тэнхээ гэж нэрлэхээс гадна, стресс даван туулах чадварыг сэтгэлийн тэнхээ гэж болно. Сэтгэлийн тэнхээ буюу бэрхшээлийг даван туулах чадварыг AQ гэдэг.

Амьдралд IQ чухал уу, AQ чухал уу?

Дээрх хоёр зүйлээс гадна EQ гэж бий. АQ нь бэрхшээл даван туулах чадвар бол EQ нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хянах чадвар юм. Орчин үед амьдралд EQ тун чухал болоод байгаа. Эрэгтэйчүүдэд IQ илүү байхад эмэгтэйчүүдэд EQ их байх нь бий. Хамгийн энгийнээр хамт ажиллаж буй хүнээ ойлгож, өөрт нь тохирсон үүрэг даалгавар өгөхийг хэлээд байгаа юм.

Стресс, сэтгэл гутралаас ангид байж сэтгэц эрүүл байна гэдэг. Стресс гэж яг юуг хэлэх вэ. Түүнээс хэрхэн зөв ангижрах вэ?

Гаднын нөлөөллөөс болоод сэтгэцэд учруулж буй зүйлийн хариу урвал. Бид стрессгүй амьдарна гэж байхгүй. Гэхдээ сөрөг стрессээс хамгаалах хэрэгтэй. Харин стресс тайлах маш олон арга бий. Эдгээр аргаас аль болох гадагш чиглэснийг сонгох хэрэгтэй. Зарим хүн унтаж, ном уншиж стрессээ тайлдаг.

Хэт ачаалалтай ажилладаг, толгой нь өвддөг хүн унтаж стрессээ тайлах нь зөв. Харин өөр төрлийн стрессийг өөр байдлаар тайлах нь чухал. Архи уух, тамхи татах, PC тоглох зэрэг нь стресс тайлах арга биш. Төрөх үйлийн эмгэг болдог. Үүний оронд спорт, иог, бүжгээр хичээллэж болно. Сонирхолтой аргад нийгмийн сайн сайхны төлөө ажиллах тооцогддог. Эдгээрээс өөрт тохирох аргыг олох нь чухал.

Өөрт тохирох аргыг хэрхэн олох вэ?

Аль болох олон аргаар стрессээ тайлах гээд оролдоод үз. Аль нь таныг аз жаргалтай болгож байна, түүнийг сонго. Мөн стресс тайлах олон арга байж болно.

Эр хүн өөрийгөө хэн нэгнээс дор гэж бодохоор амархан нугардаг гэдэг. Тэгэхээр эрчүүдийг байнга магтах ёстой юу?

Эрэгтэй хүн эхнэрээрээ магтуулах гэж амьдардаг. Магтахдаа тунг нь тааруулах нь чухал. Хэт их магтаж болохгүй. Тунг нь тааруулахад хатан ухаан буюу EQ xэрэгтэй.

Монгол эрчүүдэд яг юу дутагдаад байна вэ. Боловсрол уу, тэвчээр үү?

Сэтгэлийн тэнхээ дутагдаж байна. Үүрэг, хариуцлага дутагдаж байна.

Эр хүн яг ямар байх ёстой гэсэн тодорхойлолт байхгүй байх л даа. Гэхдээ эр хүнийг тодорхойлооч. Нэг тийм жишиг, дүрслэл байж болох юм?

Гормоны онцлогоос болоод эр, эм хүний сэтгэлгээ өөр байдаг. Эрэгтэй хүн алсын зүйлийг бодож, нэг зүйлийг гүн хийж чаддаг. Харин эмэгтэй хүн олон зүйлийг зэрэг хийж чаддаг. Тиймээс эр хүн сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал.

Ямар хүн сэтгэл гутралд өртөмтгий байдаг вэ. Мөн сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ?

Меланхолик темпераментийн хүн сэтгэл гутралд өртөмтгий байдаг. Харин стрессээ тайлдаггүй, дотогшоо чиглэсэн, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, өөртөө итгэлгүй эрчүүд сэтгэл гутралд өртөмтгий байдаг. Мөн багадаа хөхөөр хооллож байгаагүй хүн сэтгэл гутралд өртөмтгий байдаг.

Жилд хэдэн удаа сэтгэлзүйч дээр очих нь зохимжтой вэ?

Хувь хүнээс шалтгаалаад өөр байдаг ч асуудалтай байгаа үедээ хандаж болно.

Сэтгэлзүй, сэтгэцийн “дархлааг” хэрхэн сайжруулах вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?

EQ-гээ сайн хөгжүүлэх хэрэгтэй. Бусдыг ойлгож өөрийгөө идэвхжүүлэх хэрэгтэй. Стресс тайлах маш олон аргаас өөрт тохирохыг сонго. Өөрийгөө хүлээн зөвшөөр.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *