Шанел брэнд амьтны үсэн эдлэл гаргахгүй гэв

Дэлхийн загварын ертөнцийн оргилд залардаг Шанел брэнд үслэг эдлэлийг загваруудаасаа хасна гэдгээ мэдэгдлээ. Амьтны эрхийг хамгаалах үйлсэд нэгдэж буй Шанел брэндийнхэн цүнх, гутал, гоёл чимэглэлдээ матар, могой зэрэг амьтдын арьсыг ашиглахгүй, жижиг детальдаа ч оруулахгүй гэнэ.

Шанел брэндийн хэвлэлийн төлөөлөгч CNN-ийн сэтгүүлчид “Одоо манай брэндийн бүтээгдэхүүнүүдээс амьтны арьс, үстэй зүйл хүсэх хэрэггүй боллоо. Шанел компанийн хувьд нийлүүлэлтийн сүлжээгээ байнга хянаж, найдвартай байдлыг нь хангахыг хичээдэг ч ёс зүйн стандартад нийцүүлэн боловсруулсан арьс олж авахад улам хэцүү болж байна.

Тиймээс бид өндөр чанартай хэдий ч ёс зүйд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үеийг бий болгох боломжийг эрэлхийлэн эхлүүлж буй нь энэ” гэж хэлжээ.

PETA буюу амьтны эрхийг хамгаалах байгууллагын дэд ерөнхийлөгч Трэси Рэйман “Шанел брэндийн гаргасан шийдвэрт талархаж буйгаа илэрхийлээд амьтдын үс биднийг хувцаслахад зориулагдаагүй” хэмээн мэдэгджээ.

Шанел загварын ордны ерөнхий дизайнер Карл Лагерфелд өөрийн загварууддаа туулай, хэрэм зэрэг амьтдын үстэй загварууд ихээр гаргадаг байсан юм.

Дэлхийн хувцас, гоёл чимэглэлийн салбарыг тэргүүлэгчид ийнхүү амьтны арьс үснээс татгалзах буйгаа дараалан зарлаж буйд PETA-гийнхан талархаж буйгаа илэрхийлжээ.

Тухайлбал хамгийн анх Gucci брэндийнхэн үслэг эдлэлийг халсан бол 2016 онд Giorgio Armani, Vivienne Westwood, Calvin Klein, Ralph Lauren брэндүүд fur-free болсон бол сүүлд Stella McCartney үслэг болон амьтны арьсыг өөрийн загвартаа оруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрээр “ Амьтны арьс, үслэг эдлэл өмсөх нь эмэгтэйчүүдийн бодож байгаа шиг тийм тачаангуй харагддаг үе хуучирсан. Амьтны арьсан, үслэг эдлэл загварлаг, дэгжин байхаа больсон” хэмээн хэлж байсан удаатай.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *