Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа

УУХҮЯ -аас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.

Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1, 2, 3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан байдаг. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдлээ.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч энэ оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” комданиас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706ам.доллар/тн болоод байна.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *