Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ

Өчигдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгост нээгдэж байгаа аппликэшнд суурилсан такси дуудлагын шинэ үйлчилгээг эсэргүүцсэн таксины жолооч өөрийгөө шатааж амиа хөнөөжээ.

57 настай, Чой овогтой жолооч шархаа даалгүй нас барсан байна. Өмнөд Солонгосын хамгийн том мессенжэр үйлчилгээ KakaoTalk-ийг эзэмшигч компани тус улсын зах зээлд АНУ-ын Uber-тай адилхан такси захиалгын шинэ үйлчилгээ нээж байгаа юм.

Гэвч уламжлалт таксины салбарынхан уг шинэ үйлчилгээг хориглохыг шаардаж тэмцсээр байна. Технологид суурилсан шинэ үйлчилгээ нь таксины жолооч нарын орлогыг хааж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Uber компани 2015 онд Өмнөд Солонгост нэвтэрсэн ч уламжлалт таксины салбарынхан хүчтэй эсэргүүцсэн тул үйлчилгээгээ хязгаарлахад хүрч байв. Гэвч энэ удаа тус улсын иргэдийн 80 хувийг мессенжэр үйлчилгээндээ хамруулдаг Kakao компани таксины салбарыг өөрчлөхөөр шийдсэн нь жолооч нарт бодит аюул болж байна.

Шинэ үйлчилгээ ирэх долоо хоногт албан ёсоор эхлэх гэж байгаа. Үүнийг угтан сүүлийн хэдэн сарын турш олон арван мянган таксины жолооч нар нийслэл Сөүл хотод тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Амиа алдсан Чой жолооч өчигдөр тус улсын парламентын ордны гадна өөрийгөө шатаасан юм.

Машин дотроо сууж байхдаа тэр өөр дээрээ шатахуун асгаж, гал тавьсан байна. Жолоочийг эмнэлэгт хүргэсэн ч хэдхэн цагийн дараа амьсгал хураажээ.

Талийгаач нь өөрийн ажилладаг такси компанийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн байсан гэнэ.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *