18 НАСТАЙ ГАГНУУРЧИН ОХИН Э.УУЖИМСЭТГЭЛТ

Э.Уужимсэтгэлт охин 18 настай. Тэр Монголд маш цөөхөн байдаг эмэгтэй гагнуурчдын нэг. Түүний мөрөөдөл, зорилго, төлөвшил нь харин 18 настай гэмээргүй. Алсын хараа нь уужим, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг нь харваас илт.

Эерэг, эелдэг байдлыг нь харахад яаж яваад гагнуурчин болчихсон юм бол гэж бодогдсон ч, ярилцаж дууссаны дараа яг л дуртай зүйлээ олсон хүний нүд яаж гялалздаг, яг тэгж гялалзаж байсан. Ub.life “Women who dare” булангаараа гагнуурчин Э.Уужимсэтгэлтийг танилцуулж байна.

Есдүгээр ангийн жаахан охин хэрхэн политехникийн коллежид орж мэргэжлийн боловсрол эзэмшин гагнуурчин болсон түүхээсээ хуваалцаач?

-Манай аав залуудаа тээврийн жолооч хийж байгаад гагнуурчин эгчтэй тааралдсан гэнэ л дээ. Аав минь тэр эгчид маш их эргэлзэж. Гэтэл тэр хүн “Чиний төмөр сална уу гэхээс, миний гагнуур салахгүй” гэж хэлээд маш мундаг гагнаж өгч. Энэ ажлыг эмэгтэй хүн чаддаг юм байна гээд аавд их гүн сэтгэгдэл үлдээсэн гэдэг. Тэгээд л намайг гагнуурчны мэргэжил эзэмшихийг зөвлөсөн. Би тэр үедээ их эсэргүүцэж, муухай мэргэжил гэж байсан.

Дандаа юмыг холбодог, нийлүүлдэг гоё мэргэжил шүү дээ гэж аав минь намайг ятгалаа. Би коллеж дээр очоод, хувцас дизайны ангид орно гэж бодож байв. Гэтэл аавын хэлсэн үг толгойд эргэлдээд болдоггүй. Би дээрээ зургаан ах эгчтэй, айлын бага хүүхэд, надаас өөр захиж хэлэх хүүхэд байгаа билүү, аавынхаа үгэнд оръё гэж бодсон. Би энэ мэргэжлийг мэдэхгүй байж өнгөц ойлголтоор муухай гэж дүгнэж болохгүй юм байна. Надад энэ мэргэжлийг үгүйсгэх голох шалтаг байхгүй гэж бодоод орсон.

За тэгээд шинэ сургууль, шинэ анги гээд энэ бүх өөрчлөлт хэр байв?

Сургуулиасаа шилжихэд найзууддаа хоргодоод хэцүү л байсан. Гэхдээ өчнөөн олон шинэ найзууд, шинэ ангийнхан гээд алзах юмгүй. Манай ангид 31 эрэгтэй нэг эмэгтэй сурагч байсан. Сургуулийнхаа гагнуурчны ангид элссэн анхны охин болсон. Би өмнөх сургуульдаа дуу, бүжиг, гимнастик, урлагийн их идэвхтэй хүүхэд байсан боловч бөөн эрэгтэй хүүхдүүд дунд даруухан болоод, ичээд ч юмуу нэг ч үг дуугардаггүй байсан. Эхний жил гагнуурт сонирхол ерөөсөө төрөөгүй.

Гагнуурын ганц охин гэж хүн болгон яриад олны анхааралд байдаг байсан учраас сайн гагнах ёстой, нэрээ бодох ёстой гээд л үүргээ биелүүлээд явдаг байлаа. Хоёрдугаар курсдээ тэмцээнд орж долдугаар байранд оров. Гагнаж чадахгүй цоолж хаяад, нэгт орсон хүүхдийн гагнуурыг хараад “ийм гоё гагнасан юм уу, би юу сурсан юм бэ” гээд өөрийгөө хаана явж байгаагаа ойлгосон. Тэрнээс хойш маш их хичээж, зуухны үйлдвэрт дадлага хийсэн. Бага багаар сурдаг юм билээ. Гуравдугаар курсдээ үйлдвэрийн дадлагад гарахдаа орчинд нь орж сураад, ёстой жинхнээсээ сурсан даа.

Саяхан ур чадварын тэмцээнд оролцсон гэсэн. Оролцож байсан тэмцээнүүдээсээ сонирхуулаач?

Энэ оны нэг сард коллежуудын дунд гагнуурчин мэргэжлийн тэмцээн болж хоёр хүүхэд шалгарсаны нэгэнд би орсон. Бид хоёрыг “Оюу Толгой” компани ивээн тэтгэж арван сар Өмнөговьд бэлтгэл хийсэн. Гагнуурын төмөр материал бэлдэцээс эхлээд зардал их өндөртэй.

Өнгөрсөн долоо хоногт бид хоёр, гурван өдөр 18 цагийн турш дөрвөн төрлийн гагнуур хийж хоорондоо өрсөлдөлдөөд манай нөгөө хүүхэд түрүүлж дэлхийн ур чадварын тэмцээнд явахаар болсон. Энэ тэмцээнд оролцсон хүн бүр зургаан мэргэжлээр тэр улсдаа ажиллах эрхтэй болдог маш нэр хүндтэй тэмцээн.

Түрүү жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Солонгос руу “Самсунг” компанийн усан онгоцны үйлдвэр дээр дадлага хийлгэхээр явуулсан. Дэлхийн ур чадварын тэмцээнд бэлдэж байгаа солонгос хүүхэдтэй цуг дадлага хийж байхад бүтэн жил нэг ч өдөр амралгүйгээр өдөрт 13 цаг гагнуур хийдэг байсан. Тэр хүүхдийг хараад юун ядрах, дуурайгаад бүтэн сар ажилласан. Солонгос улсын ур чадварын тэмцээнд сонирхогчоор, Орос улсад болсон тэмцээнд ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр оролцоод амжсан шүү.

Ирээдүйн карьерийн төлөвлөгөө чинь юу вэ?

“Оюу Толгой” компаниас ажлын санал авсан ч түр хугацаанд татгалзсан. Гагнуурын ангиа төгссөн ч инженерийн байгууламжийн технологийн техникчээр сурч байгаа, хавар төгсөнө. Ирээдүйд үйлдвэрээ байгуулана гэж боддог ч одоогоор арга замааа олоогүй байна. Гагнуураа ямар нэг зүйлтэй хослуулна гэж бодож байгаа. Металл судлалын инженереер цаашдаа сурах уу гэх мэтчилэн ер нь бодож судлаж байна.

Одоо 18 настай ч аль хэдийнээ мэргэжилтэй боловсон хүчин болжээ. Аавын чинь ятгалага тэр үед зөв байж дээ, тийм үү?

“Тэгэлгүй яахав. Аавдаа үнэхээр их баярлаж явдаг. Орой болгон л “За өнөөдөр юу болов” гэж шалгаагаад л аавтайгаа маш дотно харилцаатай. Мэргэжлээ ойлгоод ирэхээр улам л дурлаад, энийг ч тэрийг ч сурах юмсан гэж өдөр шөнөгүй боддог болдог. Амьдрал дээр гарч ажил хийж, хийсэн ажлынхаа амтыг мэдэрч үзсэн. Хатуу, бэрхшээлтэй зүйлүүдийг их бага хэмжээгээр давж сурсан байх. Мэдээж амар зүйл гэж байхгүй, нүд өвдөнө, түлэгдэнэ, арьс хуурайшина, тэгсэн ч гэсэн үнэхээр гоё байдаг.

Мэргэжлийн боловсорлын салбарын талаар хүмүүс тэр болгон сайн мэдэхгүй байх шиг байна. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Бүгд ширээний ард суудаг мэргэжил сонгож байгаа нь буруу биш л дээ. Гэхдээ Монгол улсад ийм ажилчид хэрэгтэй. Мэргэжлийн боловсролын коллеж, сургуулиудад элсэгч нар бага байна. 10 жилд бидэнд буруу ойлголт өгдөг. Муу сурсан юмуу, 10-р ангидаа орж чадаагүй хүүхдүүд буруу замаар ордог гэх мэтээр. Би ч гэсэн анхандаа тэгж л боддог байсан.

Мөн амьдарлын боломж тааруу хүүхдүүд ийм мэргэжлээр сурдаг гэх яриа бий. Магадгүй их дээд сургуулийн төлбөртэй харьцуулахад хамаагүй хямд л даа. Би бол одоогоор ерөөсөө төлбөр төлөөгүй ч давхар мэргэжилтэй болоод 12-р ангиа төгссөндөө их баярладаг.

Энэ талаар хүүхдүүд мэдээлэл муутай байдаг юм болов уу. Эцэг эх нь ажил мэргэжлийн чиг баримжаа өгөх тал дээр сул байна гэж харж байна уу?

Юу сурахаа мэдэхгүй, найзыгаа дагаад сургуульд орчихсон, эцэг эхийн “Ямар ч хамаагүй нэг дээд сургуулийн дипломтой л бол” гэсэн шахалтан доор сургуульд орсон хүүхдүүд байдаг. Тэдэнд ийм сургуулийн сонголт байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Над шиг үнэхээр сонирхолтой дуртай хүүхэд байх ч юм бил үү. Жишээ нь Орос, Солонгост тэмцээний үеэр сургуулийн бага насны хүүхдүүдийг авчирч үзүүлдэг юм байна лээ. Хүүүхдүүдийг сонирхогчоор өөрсдөөр нь хөнгөн юм хийлгэж үзүүлэх гэх мэт сонирхлыг өдөөх олон зүйл багаас нь хийж байна. Монголд тэмцээний үеэр оролцогч, багш нар л байна.

Хэн ч мэдэхгүй. Мөн ажил дээр гараад оюутнууд гологдож байгаа тухай ярьдаг. Гэвч зарим хувийн байгууллагууд гагнуураар дадлагад гарч байгаа хүүхдүүдээр тоосго, цемент зөөлгөөд байдаг гэх мэт яриа байдаг. Тэгэхээр тэр хүүхдүүд яаж сайжрах вэ. Надад бол тийм зүйл тохиолдож байгаагүй. IV цахилгаан станц дээр дадлагад гарахад метал судлалын гагнуурын лабораторийн инженер Баттулга багш, миний өмнөөс гүйж намайг тэмцээнд оруулж байсан. Германд бол аж үйлдвэрүүд нь энэ салбараа өөрсдөө санхүүжүүлээд аваад явчихдаг гэж сонссон.

Одоо асуултуудаа арай өөр тийш хандуулъя. Сурч, ажиллах явцдаа эмэгтэй хүн гэдгээсээ болж гадуурхагдаж байсан тохиолдол бий юу?

Ерөөсөө тийм зүйл тохиолдож байгаагүй. Харин ч эсрэгээрээ. Хүмүүс ямар мундаг юм бэ, эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй байдаг, ямар гоё юм бэ л гэдэг. Сургуульдаа энэ мэргэжлээр ганцхан эмэгтэй нь тул ангийнхан, багш нар маань надтай их хүндэтгэлтэй, нандигнаж харьцдаг. Зоригтой охин шүү гээд л байнга урам өгдөг. Юу ч чадахгүй байхад ч гэсэн тэгэж л хэлдэг байсан. Мэдээж гагнуурын ажил эрэгтэй хүнд илүү тохирсон. Яагаад гэвэл эрэгтэйчүүд арай хурдан, биеийн хүчний чадвар шаарддаг, гар чилэх үед эрэгтэй хүмүүс арай бяртай байдаг.

Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж аав тань ямар юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?

Ээж цахилгаанчин мэргэжилтэй. Аав усны оператороор ажилдаг. Аав минь үргэлж “Гоё сайхан байна гэдэг нь гоё харагдахад биш. Дотроосоо гэрэлтэхийг хэлнэ” гэж захидаг. Бид эхээс долуулаа, аав минь биднийг бага байхад өглөө эрт босгоод голын эргээр гүйлгэж, ус сөрж алхуулдаг байсан. Хөдөлгөөнтэй, ажилсаг болгох гэж л тэр. Аавтайгаа би их дотно ярилцаж чаддаг. Эхлээд сонсож сураад дараа нь ярилцдаг болсон.

Сэтгэлээр унасан үед юу чамайг хурцалдаг вэ?

Оюун санаагаа төвлөрүүлж, ганцаараа нэг орчинд ордог. Өөрөө өөрийгөө сонсч бас боддог, тэр үед бүх зүйлийн хариулт ороод ирдэг.

Ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?

Ажил амьдарлаа бүгдийг ухаалаг зохицуулж тэнцвэртэй авч явдаг эмэгтэйг юм болов уу. Магадгүй миний ээж байх. Хүнд хэцүү зүйлийг шүд зуун тэвчээд даван туулж байгааг нь би харж мэдэрч байсан. Тийм л эмэгтэйг хэлнэ гэж би бодож байна.

Дэлгэрэнгүйг ЭНД – ээс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *