АГААРЫН БОХИРДЛООС ХАМГААЛАХ АМНЫ ХААЛТЫГ ЗӨВ СОНГОХОД ТАНЬ ТУСЛАХ 10 ЗӨВЛӨГӨӨ

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хамгийн их бохир агаартай нийслэлийн тэргүүн эгнээнд жагсах болсон.

Нийслэлд агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10, зарим үед бүр хэдэн арав дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндийг дарлаж байна.

Утаанаас эрүүл мэндээ хамгаалахын тулд нэн тэргүүнд амны хаалт хэрэглэж хэвшихийг Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд зөвлөдөг билээ. Ингэхдээ заавал нарийн ширхэглэгт тоосонцрыг шүүх тусгай материал (HEPA юм уу нано), идэвхжүүлсэн нүүрс бүхий шүүлтүүртэй маск авахыг зөвлөдөг. Бид энэ удаагийн “Амьдралд ойрхон зөвлөгөө”-гөөрөө амны хаалт сонгохдоо анхаарвал зохих зүйлсийн талаар зөвлөж байна.

Анхааруулга:

Чанарын шаардлага хангаагүй маск сайн судлалгүй аваад эрүүл мэндээ хамгаалчихлаа хэмээн итгэх хамгаас аюултай, түүнийг бусдад сурталчлан мөн тийм итгэл төрүүлэх нь аюултайг анхааруулъя. Иймд олон улсын стандартын шаардлага хангасан маск авч, зохих ёсоор нь зүүж хэвшээрэй.

1. Амны хаалтын чанарыг тогтоох.

Агаарын бохирдлоос хамгаалах амны хаалтын чанарыг тогтоох, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хоёр стандарт бий. Нэг нь АНУ-ынх бол нөгөө нь Европын холбооны стандартчиллын газрынх. стандарт. АНУ-ын стандарт нь N90, N99, N100 гэх гурван эрэмбэтэй бол Европын холбооных FFP1, FFP2, FFP3 гэх гурван эрэмбэтэй.

2. Материалыг нь сайтар шалгах.

Таны авах амны хаалт дээр FFP2 гэсэн бичиг байвал нийт тоос, тоосонцрын (тэр дундаа PM2.5, PM10) 94 хувийг шүүнэ гэсэн үг. Шүүх гол үүргийг HEPA (High-efficiency particulate arrestance) буюу нарийн ширхэглэгээс хамгаалах өндөр үр дүнтэй материал гүйцэтгэдэг. Ийм материалтай маск цагаан өнгөтэй, даавуун материалтай андуурагдахааргүй байдаг. Кэмбриж, Вогмаск тэргүүтэй угаадаг, нано материалаар хийсэн өндөр чанарын маскууд мөн бий.

3. Орчны агаар нэвтрэхгүй байх.

Амны хаалт нь таны нүүрэнд яг таарсан байх ёстойг санаарай. Ингэснээр бичил бодисыг нэвтрүүлэхээс сэргийлэх болно. Хамрын хажуу, дээгүүр, шанаагаар, эрүүний доогуур гэхчлэн аль нэг хэсгээр багахан зай үлдээхэд тухайн маскны шүүлт багадаа 10-20 хувиар буурах болно.

4. Амны хаалтаа дамжуулахгүй байх.

Өөрийн хэрэглэж буй амны хаалтаа бусдад дамжуулахгүй байх хэрэгтэй.

5. Амны хаалт нь шүүлтүүртэй байх хэрэгтэй.

Амны хаалт бүхэлдээ шүүгч материалаар хийгдсэн байх ёстой. Зөвхөн хамрын хэсэгтээ шүүлтүүртэй маск үр дүн маш багатайг анхаарна уу.

6. Хавхлага нь агаарын солилцоог хурдан хугацаанд нэвтрүүлэх үүрэгтэй.

Таны сонгож буй амны хаалт амьсгал гадагшлуулахад зориулагдсан хавхлагатай байх ёстойг анхаараарай.

7. Зориулалтын шүүлтүүртэй, үйлдвэрлэгчийн баталгаатай амны хаалт хэрэглэх.

Эмийн сангуудад ихэвчлэн ийм хаалтууд зарагдаж байгаа. Гэхдээ заавал нягтал.

8. Амны хаалтаа зөв зүүвэл амьсгалахад бага зэргийн хүндрэлтэй байхыг анхаар.

Учир нь агаар бага орох учраас жирийн үеийнх шиг чөлөөтэй амьсгалах боломжгүй байдаг. Зориулалтын амны хаалтуудыг зүүхэд амаргүй байдаг. Даавуун масктай адилтгах нь зохимжгүй юм.

9. Хэрэглэсний дараа цэвэр уутанд хадгалж хэвшээрэй.

Дотор талд нь тоос тоосонцор хурахаас сэргийлэхийн тулд заавал авах арга хэмжээ.

10. Хэрэглэх хугацаа дууссан л бол ашиглалгүй, шинийг авч хэрэглэх нь зүйтэй.

Зүүж байгаа маск тань агаар нэвтрүүлэхгүй байх шиг санагдах нь солих дохио байж мэдэх. Угаадаг амны хаалтыг заасан хугацаанд нь угааж хэвшээрэй.

source: ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *