Л.Отгонбаатар, М.Нандинцэцэг нар шилдгийн шилдэг боллоо

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно” шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2018.12.21/ Соёлын төв өргөөнд болж, шилдгүүд тодорлоо.

2018 оны спортын салбарын шилдгүүдэд гардуулдаг “Бөртэ чоно” арга хэмжээнд олон номниаци шинээр нэмэгджээ. Энэ жил шилдэг биеийн тамирын багш, олимпийн зөвлөл, спортын холбоод болон шилдэг ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тодруулсан юм.

Дэлхийд эх орны нэрийг цуурайтуулан мандуулсан тамирчдад олгодог хүндтэй шагналд олон тамирчид нэр дэвшиж, спортын сэтгүүлчдийн саналаар шилдгүүдийг тодрууллаа.

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорлоо.

Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар /бокс/ нар шалгарлаа.

Эмэгтэй шилдэг тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмын алт, хүрэл медальт, буудлагын ОУХМ Г.Нандинзаяа нар амжилтаараа бусдыгаа магнайлжээ.

2017 оноос эхлэн шилдгийн шилдэг тамирчинд олгож эхэлсэн шилжин явах цомын эзнээр М.Нандинцэцэг тодорсон юм. Тэрбээр спортын сэтгүүлчдээс хамгийн өндөр санал буюу 119 оноогоор энэхүү нэр хүндтэй цомын эзэн боллоо.

М.Нандинцэцэг “Бөртэ чоно” шагналд анх удаа нэр дэвшихдээ шилдгийн шилдэг болж, шилжин явах цомын эзэн болж, амжилтаараа бусдыгаа тэргүүллээ.

Ингээд “БӨРТЭ ЧОНО 2018” шагналыг эздийг танилцуулья:

Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл

Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч

Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч

Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб

Шүүгч: жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг

Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо

Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо

Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо

Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо

Олимпийн төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо

Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан

Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан /бокс/

Залуу тамирчин: Л.Сосорбарам /жүдо бөх/

Дасгалжуулагч: Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир /хөлбөмбөг/, А.Мэргэн /шайбтай хоккей/

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан /чөлөөт бөх/

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно” шагналын эрэгтэй, эмэгтэй тамирчмид болон багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн санал асуулгад Монголын спортын сэтгүүлчдийн 100 гаруй сэтгүүлч саналаа өгч шилдгүүдийг тодруулжээ.

БАГ:

Шайбтай хоккейн шигшээ баг “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн амжилтаараа олонхийн санал авч шилдэг багаар тодорлоо.

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль/

Э.Цэндбаатар /бокс, Азийн наадмын аварга/

ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

Г.Нандинзаяа /Азийн наадмын алт, хүрэл медаль, буудлага/ – 44 оноо

О.Насанбурмаа /чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль/ – 87 оноо

ШИЛДГИЙН ШИЛДЭГ

Л.Отгонбаатар /жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгө, “Мастерс”-ий мөнгө/ -114 оноо

М.Нандинцэцэг – /боксын ДАШТ-ий хүрэл медаль/ – 119 онооогоор тус тус шилдгийн шилдэг боллоо.

М.Нандинцэцэг шилдгийн шилдэгт олгодог шилжин явах цомын эзнээр болж, Монголын боксын холбооны түүхт 70 жилийн ойд томоохон бэлгийг барилаа.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *