Чоу Юн Фат бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

Хонг Конгийн нэрт жүжигчин Чоу Юн Фат өөрийн хуримтлуулсан бүх хөрөнгийг нас барсныхаа дараа буяны үйлсэд хандивлах төлөвлөгөөтэй байгааг саяхан Өмнөд Солонгосын MBC (Munhwa Broadcasting Corporation) сувагт ярьжээ.

Түүний хөрөнгийн хэмжээ 5.6 тэрбум хонг конг доллар буюу $700 сая орчим юм байна. Өөрийгөө Буддист гэдэг Чоу Юн Фат энгийн даруу амьдралтайгаараа алдартай.

Тэрээр нийтийн тээврээр зорчиж, Хонг Конгийн гудамжинд үе үе хооллож байгаа харагддаг. Чоу 17 жил Нокиа гар утас хэрэглэж байгаад саяхан ухаалаг гар утас барьдаг болжээ. Шалтгаан нь түүний Нокиа эвдэрч, ажиллахаа больсонтой холбоотой гэнэ.

Чоу Юн Фатын ээж ногоо тарьж, гэрийн үйлчлэгчээр ажилладаг байсан бол эцэг нь газрын тосны компанид ажилчин байжээ. Нийтдээ 90 гаруй кинонд дүр бүтээснээс “Anna and the King” (1999), “A Better Tomorrow” (1986), “Crouching Tiger, Hidden Dragon” (2000) кинонуудаараа дэлхий дахинд танил болсон юм.

2000 оны бүтээл нь Оскарын шагнал хүртэснээс гадна бүх цаг үеийн хамгийн их магтаал сонссон кинонд тооцогддог юм.

Одоо 63 настай Чоу Юн Фат сүүлд өгсөн ярилцлагадаа “Мөнгө чамтай үргэлж хамт байхгүй. Хэзээ нэг өдөр үхэхдээ хэн нэгэнд шилжүүлэхээс өөр аргагүй зүйл” гэж ярьсан байна.

source: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *