Б.Буяндэлгэр: Хотод шинэ жилд явах нь гээд эхнэр маань хагас сарын өмнөөс миний дээлийг оёж бэлтгэсэн

Шинэ жилийн арга хэмжээний үеэр дээлтэй бүжиглэсэн залууг суудалдаа суухыг шаардсан даргын үйлдэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Сошиал орчинд ч зөв, буруу гэсэн маргаан өрнөж эхэллээ.

Дээлтэй бүжиглэсэн эрхэм бол Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн тэмээчин. Харин түүнийг дээлтэй байгаа учраас суудалдаа суухыг шаардсан хүн бол Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин. Бид дээлтэй бүжиглэсэн залуутай холбогдож түүний байр суурийг сонслоо.

Б.Буяндэлгэр: Хотод шинэ жилд явах нь гээд эхнэр маань хагас сарын өмнөөс миний дээлийг оёж бэлтгэсэн.

Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Б.Буяндэлгэр гэдэг. Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн иргэн. Би Аялал жуулчлалын компанид 2001 оноос хойш тэмээчнээр ажиллаж байна. Шинэ жилийн үйл ажиллагаанд урилгаар оролцсон.

Танд үндэсний хувцастай бүжиглэж болохгүй гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

Надад тэгэж хэлэхэд нь би их гайхсан л даа. Намайг суудалдаа суу гэхээр нь би “за” л гэж хэлсэн. Ийм баярт Монгол дээлтэй ирж болдоггүй юм байх даа л гэж бодсон. Надад ямар учиртай хүн шаардлага тавьсныг ч мэдээгүй. Монгол хүн чинь өдөр бүр л үндэсний хувцсаа өмсдөг шүү дээ.

Та өмнө Улаанбаатар хотод ирж шинэ жилийн үйл ажиллагаанд оролцож байсан уу?

Үгүй. Би өмнө нь хотод ирж ийм үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Хотод зохиогдож байгаа ийм ажиллагаанд дээлтэй орж болдоггүй юм байх даа л гэж бодсон.

Баярынхаа гоёлыг хэд хоног бэлдсэн бэ?

Анх удаа Улаанбаатар хотод болж байгаа шинэ жилд оролцож байгаа болохоор хагас сарын өмнөөс л бэлдсэн. Эхнэр маань шинэ дээл цамц оёж өгсөн.

Та аливаа үйл ажиллагаанд үндэсний хувцсаараа байнга гоёдог уу?

Тийм. Би ер нь “орос” хувцас өмсөөд байдаггүй юм. Дандаа л дээл өмсдөг. Багаасаа л дээл өмсөж өслөө.

Та аялал жуулчлалын салбарт ажилладаг юм байна. Жуулчид үндэсний хувцас өмссөн үед сонирхдог уу?

Гадны жуулчид монгол дээл хувцсыг их сонирхдог шүү дээ. Дулаахан, биед эвтэйхэн сайхан юм гэлцдэг.

Нууц биш бол таны өмссөн дээл, монгол цамц хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

Материалаа оруулаад тооцохоор дээл нь 150 гаруй мянган төгрөг. Харин цамц нь 60 орчим мянган төгрөг болсон. Үндэсний хувцас гэдэг хүн бүрийн өдөр тутамдаа өмсөх хувцасны нэг яахын аргагүй мөн.

Монгол хүн үндэсний хувцсаараа гоёж аливаа арга хэмжээнд орж байвал их зүгээр байгаа юм шүү дээ. Би өөрөө үндэсний хувцсаараа байнга гоёдог. Монгол хувцас сайхан шүү дээ. Залуустаа хэлэхэд дээл хувцсаа зөв сайхан өмсөж байгаарай гэж хэлмээр байна.

Танд шаардлага тавьсан хүнийг танаас уучлалт гуйгаасай гэж бодож байна уу?

Намайг тэгэж хэлсэн хүнийг надаас уучлалт гуйх байх л гэж бодож байна. Үндэсний дээл хувцсаараа гоёсон надад буруу байхгүй л гэж бодоод байгаа шүү дээ. Уучлалт гуйх байлгүй дээ. Би бол уучлалт гуйгаасай л гэж бодож байна даа.

Ярилцсанд баярлалаа.

source: tv5.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *