Дэлхийн бүх аалз нэгдвэл хүн төрөлхтнийг 1 жилд идэж дуусгана

Арслан, бар, баавгай зэрэг том биет араатнуудаас айдаг хүмүүс байхад эсрэгээрээ шавж, өт хорхойноос нэн ялангуяа хүйтэн цуст амьтдаас айдаг нь ч байх. Амьтдаас айх айдастай хүмүүсийн дийлэнх нь аалзнаас айдаг гэсэн судалгааны дүн ч бий.

Тэгвэл аалзнаас айдаг хүмүүсийг хар дарж зүүдлүүлэхээр, айдаггүй хүмүүс нь жийрхмээр сонирхолтой мэдээллийг эрдэмтэд хийлээ.

Аалз ихэвчлэн шавж иддэг ч гүрвэл, шувуу, жижиг хөхтөн амьтдыг барьж идэх нь бий гэнэ. Вашингтон Пост-д нийтлэгдсэнээр бол дэлхий дээрх нийт аалзны 12 сард иддэг бүх хүнсний хэмжээ манай гараг дээрх хүмүүсийн нийт жингээс ч их байдаг аж.

Швейцарийн Баселийн Их сургуулийн Мартин Ниффелер, Шведийн Лунд Их Сургуулийн Клаус Биркхофер, Германы Бранденбургийн Технологийн Их Сургуулийн Коттбас-Сэнфтэнберг нарын эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнг Nature Science сэтгүүлд энэ сард нийтлүүлсэн нь шуугиан тариад байна. Эрдэмтэд манай дэлхийн бүх аалз нэг жилд нийт 440.9-881.8 сая тонн мах иддэг гэдгийг судалгааныхаа дүнд нээжээ. Энэ нь хүн төрөлхтний жилд хэрэглэдэг мах, загасны хэрэглээнээс 1 дахин илүү гэсэн үг юм.

Бөмбөрцөг дээрх 7 тэрбум хүнээс насанд хүрэгчдийнх нь нийт биомассыг тооцоолж үзэхэд дунджаар 316.3 сая тонн гэнэ. Хүүхдүүдийн жин болох 77 сая тонныг нэмлээ ч манай дэлхий дээрх нийт аалзыг хооллож хүрэхгүй. Аалзнууд хүн төрөлхтнийг бүгдийг нь идсэн ч өлсгөлөн хэвээр байх аж.

Эрдэмтдийн багийн хийсэн судалгааны дүн аймшигтай хэдий ч аалзнууд бүгд нэгдэн хүн төрөлхтөнг барьж идэхээр дайрах тэр цөвүүн цаг ирэхгүй биз.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *