150 жилийн өмнөх зурганд iPhone утас дүрслэгдсэн эсэх дээр сошиал ертөнц талцаж байна

1860-аад онд Фердинанд Жорж Валдмуллер хэмээх зураачийн The Expected One уран зураг сошиал ертөнцийнхнийг талцуулаад байна. Хэрэг явдал Гласвегиан Петер Рассел гэх залуу Мьюнхений Neue Pinakothek музейд зочилсноос эхтэй гэнэ.

Гласвегиан Петер Рассел тус музейн уран зургуудыг сонирхож яваад энгийн өгүүлэмжтэй зургаас хачирхалтай зүйл олж харсан байна. 150-иад жилийн өмнө зурагдсан уг зурагт нэгэн бүсгүй ой дундуур алхаж явах бөгөөд түүнийг тосон цэцэг барин зам дээр сууж буй залуу дүрслэгджээ.

Анх харсан хүнд уг зураг байдаг л нэг тосон зураг, өгүүлэмжтэй мэт харагдах ч сайтар ажиглавал алхаж буй бүсгүйн гарт жижиг дөрвөлжин зүйл бариатай, бүсгүй түүнийгээ тас ширтэн өөрийг нь хүлээн суугаа залууг ч анзаарахгүй байх аж. Эндээс л бүсгүйн ухаанаа алдан ширтэж буй хар жижиг зүйлийг iPhone утас байж болох талаар маргаан эхэлсэн байна.

Гласвегиан Петер Рассел өөрийн Peter A.Russell2291 гэх твиттер хуудаснаа уг зургийг нийтэлснээр бүх маргаан эхэлжээ.

Маргаанд оролцогчдын нэг хэсэг нь бүсгүй өнөөгийн бидэн шиг iPhone ч гэлтгүй ухаалаг утсаа ширтэн эргэн тойрноо анзаарахгүй явж байна гэсэн бол өөр нэг хэсэг зураач нь ирээдүйг зөгнөгч уран бүтээлчдийн нэг байжээ гэж, харин зарим нь бүсгүй жижигхээн хэмжээтэй ном бариад бодолд автан яваа юм бишүү хэмээн өөр өөрсдийн тайлбараа хийж эхэлжээ.

Хачирхалтай нь маргаанд оролцогчдын олонх нь зураг дээрх бүсгүйг iPhone утас барьж ява гэдэгт эргэлзэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн retweet хийж эхэлжээ. Бүсгүйн гарт буй жижиг хар зүйлийн хэмжээ, харагдах байдал, бүсгүйн байр байдал бүгд iPhone хэрэглэгчдийн нийтлэг төрхтэй таарч буйг онцлох нэгэн ч буй гэнэ.

Neue Pinakothek музейн уран зураг шүүмжлэгч, судлаачид ч уг маргаанд оролцож “Зурагт дүрслэгдсэн бүсгүй жижиг ном барьж яваа” хэмээн тогтоосон гэдгийг мэдэгдсэн ч маргаан тасрахгүй үргэлжилсээр байгаа аж.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *