“Салхитын ордын лицензийг цуцалсан нь хуулийн дагуу хийгдсэн”

Засгийн газраас Салхитын мөнгөний ордыг эзэмшигч талын лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас тодрууллаа.

Тэрбээр, “Цаашид хууль зөрчсөн аль ч үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална. Газар хувийн өмч биш. Үндсэн хуульд Монгол Улсын газар, хэвлий, байгалийн нөөц баялаг ард түмний өмч мөн гэж заасан. Холбогдох хуулийн дагуу хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн зохицуулалттай. Тусгай зөвшөөрөл нь ашиглах л эрх.

Өөрөөр хэлбэл, газрын баялгийн нөөц ашигласны татвараа төлөөд ашиглах гэрээ гэсэн үг. Түрээсийн байранд амьдардагтай адилхан. Түрээсээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол өмчөө хурааж, гэрээгээ цуцална биз дээ. Заавал шүүхээр явах процесс биш. Ашигт малтмалын хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 11 үндэслэл бий. Хүчингүй болгохдоо мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсыг хүлээж авах хүнгүй, гадагшаа зугтсан байсан. Бид мөн сонсох ажиллагаа явуулсан.

Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхлын асуудлаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр ч ажиллагаа явуулж болдог. Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааны цаана асар том сүлжээ бий. Хууль хяналтынхан болон хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн асуудал бий. Хамгаалалтын алба нь гэхэд хууль хяналтынхантай холбоотой, маш олон газар хамгаалдаг сүлжээ байгууллага байгаа юм. Хэвлэлийнхэн тусгай ажиллагаа гэж нэрлээд байгаа болохоос зайлшгүй хийх ёстой ажил байсан. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу хийгдсэн ажил ” гэсэн тайлбарыг өглөө.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *