Хүчирхийлэлд өртсөний улмаас гэрээсээ зугтсан охин Бангкокт гацжээ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас Саудын Араб дахь гэрээсээ зугтсан 18 настай охиныг өчигдөр /2019.01.06/ Бангкокийн нисэх онгоцны буудал дээр саатуулсан байна. Түүнийг бичиг баримтын зөрчилтэй хэмээн үзэж Ойрхи Дорнод руу нь буцаахаар шийдвэрлэн, Бангкокийн нисэх онгоцны буудлын зочид буудалд түр байрлуулж байгаа аж.

Тэрбээр Рахаф Мухаммед Мутлак ал-Күнүн гэх нэртэй Твиттер хаягаас дүрвэгчийн статус олж авах хүсэлтэй байгаа, мөн исламын шашнаас болон өөрийг нь байнга хүчирхийлэн тамладаг гэр бүлээсээ зугтахад нь туслах ямар ч орон руу явахад бэлэн байгаагаа бичиж, өөрийнхөө болон паспортынхаа зургийг хавсаргасан байна.

Ал-Күнүн Саудын Арабаас Австрали руу нисэх зорилготой байсан ч эхлээд Тайланд руу очихоор шийджээ. Гэвч Бангкокийн нисэх онгоцны буудал дээр ирээд виз хүсэх өргөдөл гаргах үед нь түүнийг Саудын дипломатууд хүлээж байсан төдийгүй нэгэн бичиг дээр хүчээр гарын үсэг зуруулахыг оролдсон байна. Ал-Күнүн тэднээс зугтан Тайландын цагаачлалын албаныхан дээр очсоноор нисэх онгоцны буудлын транзит зочид буудалд буусан аж.

Цагаачлалын албаныхан түүнийг гэр рүү нь буцаахаар шийдвэрлэсэн ч тэрбээр онгоцондоо суулгүй үлдсэн төдийгүй зочид буудлынхаа өрөөний хаалгыг дотроос нь түгжиж, гэр рүүгээ эргэж очих хүсэлгүй байгаа тухайгаа Твиттер хуудсандаа нийтэлжээ.

Хүний эрхийн байгууллагынхан түүнийг гэр рүү нь буцаахыг болиулж, дүрвэгчийн статус олж авах боломжоор хангахыг Тайландаас шаардсан байна. “Саудын Арабын маш олон эмэгтэйчүүд тэвчихийн аргагүй хүчирхийлэл дунд амьдардаг. Гэрээсээ зугтахыг оролдоод бүтэлгүйтсэн тохиолдолд тэднийг аймшигтай зүйл хүлээж байгаа. Тиймээс түүнийг Бангкокт үлдэхийг, эсвэл Австрали руу явуулах боломжоор нь хангах хэрэгтэй” хэмээн хүний эрхийн байгууллагын ажилтан Майкл Пэйж CNN агентлагт мэдээлжээ.

Харин цагаачлалын албаныхан түүнийг Тайландын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт байхгүй, мөн Ал-Күнүний асуудал нь түүний гэр бүлийн болоод Саудын Арабын дотоод асуудал тул тэдэнд хамаагүй хэмээн үзэж байгаа юм.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *