“Хаан ширээний тоглоом”-ын шинэ улиралд Санса Даенэристай уулзана

2018 оны телевизийн шилдэг цувралаар шалгарсан HBO-ийн бүтээл Game of Thrones буюу Хаан ширээний тоглоомын сүүлчийн улирал энэ оны дөрөвдүгээр сард цацагдахаар товлогдсон билээ. Хаан ширээнд хэн залрах нь тодрохыг харуулах төгсгөлийн ангийн тухай шинэхэн бичлэг олны хүртээл боллоо.

HBO суваг өөрийн бүтээлүүдийн промогоо Твиттер хуудсаараа дамжуулан цацахад Game of Thrones-ийн хэсэгт Санса Старк Даенэрис Таргариентай уулзаж буй хэсэг багтжээ.

 

“Винтерфелл таных, эрхэм дээдсээ” хэмээн Санса Даенэрист хэлэх бөгөөд үзэгчид уг хэсгийг “хаан ширээнд Таргариенын удам сууна” гэсэн утгатай эсэх дээр санал зөрөлдөөд буй юм.

Учир нь цувралын эхнээс зорилгогүй, ухаан муутай дүрээр үзэгчдийн дургүй дүрүүдийн нэг тодроод байсан Санса төгсгөл рүүгээ чанга хатуу, дотроо бодолтой, яахаас ч буцахгүй эмэгтэй болон хувирсан нь Старкийн талын үзэгчдэд хаан ширээнд Старкийн удам сууна гэсэн итгэл төрүүлээд байгаа аж.

Винтерфелл таных, эрхэм дээдсээ гэж хэлэхдээ Санса хэтэрхий омог бардам байгаа нь түүнийг Даенэрист найдвар төрүүлээд араас нь юу ч хийж магадгүй гэдгийг илтгэж байна гэсэн сэтгэгдлийг үлдээсэн үзэгчид ч бий.

Р.Р.Мартины “Гал мөсөн дуун” цуврал зохиолоор бүтээсэн “Хаан ширээний тоглоом” киноны хаан ширээнд хэний удам суух нь ирэх дөрөвдүгээр сард тодорно.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *