“Орон сууцны зээл төлдөг бол НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой”

Олон нийтийн сүлжээгээр иргэд сар бүр төлдөг лизингийн төлбөрөө хийхдээ ибаримт авч болно гэх мэдээлэл тараад байна. Энэ талаар мэдээллийг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.

Иргэд сар бүр лизингийн төлбөрөө төлөөд ибаримт авч түүгээрээ сугалаанд оролцох, буцаан олголт авах боломжтой юу?

Орон сууц, автомашин худалдан авсан иргэд дээрх асуултыг их асуудаг. Лизинг нь ялгаатай байгаа. Борлуулагч тал өөрөө банкны оролцоогүйгээр лизинг хэлбэрээр олгосон бараа, ажил үйлчилгээнд компаниуд нь төлбөр хийгдэх тухай бүрд төлбөрийн баримтыг олгоод явдаг.

Банкнаас зээл буюу лизингээр байр орон сууц, автомашин худалдан авна гэдэг маань худалдан авагч нь тодорхой хэмжээний урьдчилгааг төлөөд үлдсэн төлбөрөө банкнаас зээл аван хөрөнгө худалдаж байгаа борлуулагч талд шилжүүлэн үндсэндээ төлбөрийг бүрэн төлж байна гэсэн үг юм. Ийм учраас худалдан борлуулсан хуулийн этгээд зарж борлуулсан бараандаа төлбөрийн баримтыг нийт дүнгээр нь хэрэглэгчид олгох ёстой.

Харин иргэний сар бүр төлж буй зээлийн төлбөр хоёр хэсгээс буюу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс бүрддэг. Үндсэн төлбөрт нийт дүнгээр нь борлуулагч хуулийн этгээд төлбөрийн баримт олгосон тул ямар нэгэн баримт олгохгүй. Харин банкнаасаа зээлийн хүүгийн төлбөр дээрээ баримт авах боломжтой.

Банк, санхүүгийн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг учраас буцаан олголт бодогдохгүй бөгөөд сугалаанд оролцох эрхтэй төлбөрийн баримтыг авч болно.

Орон сууц, авто машин худалдаж аваад баримтаа аваагүй иргэд одоо нөхөж аваад баримтаа бүртгүүлэн буцаан олголт авах боломж байгаа юу?

2018 оны баримт бүртгүүлэх хугацаа энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундэд дуусгавар болсон учраас нөхөж баримт авсан ч гэсэн буцаан олголт бодогдох боломжгүй болсон. Харин нөхөн авсан тухайн баримтаа холбогдох материалын хамт бүрдүүлэн ХХОАТ-ын хуулийн дагуу орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахдаа ашиглаж болно.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *