ЧУУЛГАН: Б.Ундармаа гишүүн бүрэн эрхтэйгээ үлдлээ

УИХ-ын гишүүн Б.Ундармааг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас бүрэн эрхийн түдгэлзүүлэх санал оруулж ирснийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гишүүнээс нь түдгэлзүүлэх юм бол ганц худагт аваачаад хийнэ гэсэн үг биш. Сая Б.Батзориг гишүүн сая ЖДҮ-гээ их сайхан тайлбарлаж байна. Жирийн иргэн шалгагдах болон тусгай эрхтэй УИХ-ын гишүүн шалгагдах хоёр асар их ялгаатай шүү дээ. Хэнд ч ялгавартай хандаж болохгүй.

Хүнс, хөдөө аж ахуйн яам дээр мал эмнэлгийн төсөл биш хүн эмнэлгийн төсөл оруулаад тэрийгээ үйлдвэр гээд байгаа биз дээ. Би 20 жил хуулийн чиглэлээр ажилласан хүн. Хуулийн байгууллагын ажлыг явуулах хэрэгтэй. Нөгөө талаас энэ хүмүүсийн гэм буруутай эсэхийг шийдээд өг. Гэм буруу хүмүүсийг гүтгээд байх юм биш биз дээ” гэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Та нар үнэмлэхгүй олонх болж ард түмний итгэлийг даасан. Өнөөдөр ЖДҮ-г зүгээр л нэг зээл гэж яриад байх юм. Ном дүрмээрээ явсан бол зүгээр л зээл шүү дээ. Гэтэл мэдээлэлд ойр байгаагаа ашиглаад, давуу эрхээ ашиглаад их хэмжээгээр зээл аваад байгаа чинь буруу шүү дээ. Зохион байгуулалттайгаар хийсэн бүлэг гэмт хэргийг шалгах ёстой. 2016 оны мөрийн хөтөлбөр чинь хаана байна.

Ам.долларын ханшийг хар даа, шатахууныхаа үнийг хар, махны үнээ хараарай. Өчигдөр шударга ёсны гол дүрд тоглодог хүмүүс өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо ямар шийдвэр гаргачихаж байгаа юм бэ. Хууль хүчний байгууллагуудыг ажлыг нь хийлгэхээ байлаа” гэлээ.

Ингээд Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны санал дүгнэлтээр нууцаар цахим санал хураалт явуулахад нийт 57 гишүүн хуралд оролцсоноос 47 гишүүн дэмжиж, 82,5 хувь Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Одоо үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

source: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *