“Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж шантаажилж байна”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нэгдүгээр сарын 10-ны өдөр МАНАН дэглэмийг нураах зорилготой жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ жагсаал үр дүнд хүрч байгаа. Үүний дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. ҮАБЗ-өөс нөхцөл байдлыг үнэлж үзээд шийдвэр гаргасан. Ингээд жагсаал тарсан. ҮАБЗ-өөс гарсан шийдвэр, УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг дэмжиж байгаа гэсэн М.Энхболдын байр суурь, өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, чуулганаас гарсан шийдвэрүүд дээр ахиц дэвшилтэй байгаа.

ҮАБЗ-ийн зөвлөмжид нэгдүгээр сарын 10-нд багтаан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг батлахыг даалгасан. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ хоёр энэхүү зөвлөмжийг өөрөөр тайлбарлаад байгаа. ҮАБЗ-өөс УИХ-д чиглэл өгөх ёсгүй гэж С.Эрдэнэ ярьсан.

УИХ-ын дарга өнгөрөгч Баасан гарагийн чуулганы хуралдаанд зөвхөн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулсан. Бид горимын санал гаргаж байж УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг оруулсан. Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ. Ингээд энэ долоо хоногт дээрх хуулийг батална. Хуулийг баталмагц нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг бэлдсэн байгаа өргөн барина.

Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ тогтоосон. Гэтэл Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын долоодугаарт УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг оруулсан байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хэлэлцүүлэх боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын дарга өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ирж, буулт хийсэн учраас бид энэ долоо хоногийн жагсаалаа зогсоогоод байна. Дараагийн Их хурлын даргыг МАНАН дэглэмээс томилуулахаар Ерөнхийлөгчийг, биднийг шантаажилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж шантаажилж эхэлсэн.

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийг хүртэл АН-ын бүлгийг тарсанд тооцохгүй байна. УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёр намын бүлгээсээ гарснаар АН бүлэггүй болсон. Гэтэл УИХ-ын дарга АН-ын бүлгээр завсарлага авахуулж байна. МАНАН бүлэглэлийг нурахаас нааш бидний тэмцэл зогсохгүй.

“Энд суугаад ажилла. Тэгээд энэ гэрүүдийг аваарай” гэж УИХ-ын гишүүн Л.Болдын хэлж байгаа бичлэг сошиалд тарсан. Тэрбээр энэ талаар тайлбар хийв. Л.Болд “Талбай дээр суулт хийнэ гэж зарлангуут 300 гаруй хүн хүсэлтээ гаргаж байгаа нь хувьсгал юм. Энэ гэрүүд хувьсгалт тэмцэлд хандивлаж байгаа гэрүүд. Би хувьдаа тэнд ажиллаж байгаа, хүнд нөхцөлд амьдардаг хүмүүст энэ гэрүүдээ өгөх саналтай байгаа. Энэ бол жагсаалд оролцож байгаа хүмүүсийн өмч.

ЖДҮ дээр энэ жагсаалд оролцож байгаа гишүүд байр суурь маш тодорхой байгаа. УИХ-ын даргыг эсэргүүцэж байгаа 40 гишүүнийг 36 болгох гэж байгаа бол бид зөвшөөрөхгүй. УИХ нь хуралдахгүй бол Ард түмний их хурал хуралдаж асуудлаа шийднэ. Бид 100 гаруй ТББ-ыг удирддаггүй. Бид нэг даргыг огцруулах гэж тэмцэл хийгээгүй. УИХ-ын даргыг огцорсон ч энэ тэмцэл үргэлжилнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатарын талбай дээр баригдсан гэрүүд бол хандивынх. Жагсаалын дараа энд оролцсон гишүүдийн дунд сугалаа явуулж гэрүүдээ өгөх талаар зохион байгуулагчид ярьж байгаа.

ЖДҮ, МАНАН хоёртой хоёулантай нь тэмцэх ёстой. Гэхдээ МАНАН-тай эхлээд тэмцэнэ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өнгөрсөн долоо хоногт нууц санал хураалт болсон. Эсэргүүцэж байна гэсэн гишүүд өөрсдөө ждүчдээ хамгаалж кноп дарсан байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын даргыг огцруулахгүй бол бусад асуудал шийдэгдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид ордон дотор шаардлагатай бүх тэмцлийг хийж байна. Хоёр дахь жагсаалыг хийгээгүй бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Улс төрийн шинэ соёл тогтсон. Одоо бол ордон доторх жагсаал үргэлжилнэ. Олон хүмүүс гурав дахь жагсаалаас айсан.

Одоо бол М.Энхболд дарга огцорно. Тийм ч учраас М.Энхболд дарга орж ирж, ирц хүрч, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Тиймээс би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмээс уучлал гуйгаагүй. Ямар ч тохиролцоо хийгдээгүй.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *