Биткойн олборлогчид Монголд суурьших болжээ

Даян дэлхийн криптовалют олборлогч компаниуд Монгол Улсыг онилж, манай улсад салбараа нээхийг эрмэлзэх болжээ. Криптовалютыг олборлохын тулд асар их эрчим хүч шаарддаг. Өндөх хүчин чадалтай процессорууд ажилласнаар халалт үүсч, хөргөөх зардалд маш их хөрөнгө зарцуулах шаалдлагатай болдог.

Тиймээс криптовалют олборлогчдын хувьд эрчим хүчний үнэ хямд, хүйтэн сэрүүн уур амьсгалтай орнуудад үйл ажиллагаа явуулах сонирхол өндөр байдаг юм.

Монгол Улсад эрчим хүчний үнэ харьцангуй хямд, сэрүүн уур амьсгалтай нь ийнхүү олборлогчдын анхаарлыг нааш нь хандуулаад байгаа аж.

Жишээ нь, Токиод төвтэй, Японы “Ginco” компани Монголд 600 уурхай ажиллуулж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд багтаан 1000 хүртэл нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.

Гадны аж ахуйн нэгжүүд Монголд салбараа нээхийг эрмэлзэж байгаа нь сайн хэрэг ч эрчим хүчний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй манай улсын хувьд эрчим хүчний эх үүсвэр хүрэлцэхгүй дээрээ улам дутагдалд орох эрсдэл ирж байхыг үгүйсгэхгүй юм.

Британийн Digiconomist’s Bitcoin Energy Consumption Index хоёр жилийн өмнө “Биткойн олборлогч компаниуд нэг жилд 29.5 тарраватт цахилгаан эрчим хүчийг зөвхөн биткойн олборлоход зарцуулдаг” гэсэн тооцоо гаргаж байжээ.

Энэ нь Ирланд улсын эрчим хүчний нийт хэрэглээнээс (25 терраватт орчим) давсан үзүүлэлт аж. Биткойныг олборлох, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн 159 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давсан гэжээ. Хэрвээ улс гэж тооцвол дэлхийд 61 дүгээрт жагсах хэмжээний эрчим хүчийг хэрэглэсэн гэсэн тооцоо гарсан байна. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа нийт эрчим хүчний 0.3 хувь нь биткойн олборлоход зарцуулагдаж байгаа аж.

2017 онд зөвхөн нэг сард биткойн олборлоход зарцуулсан эрчим хүчний хэрэглээ 30 хувиар өссөн бөгөөд хэрвээ өсөлт энэ эрчмээ хадгалж, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэхгүй байна гэж тооцвол 2020 он гэхэд дэлхийн бүх эрчим хүч ч хүрэлцэхгүй гэсэн тооцоог зарим эрдэмтэд хийх болсон байна.

АНУ-ын тарифаар тооцвол 2.9 тэрбум ам.доллар, Их Британийнхаар бол түүнээс ч их зардлыг зөвхөн эрчим хүчний хэрэглээндээ зарцуулдаг гэж Digiconomist-ын тайланд өгүүлжээ. Энэ шалтгааны улмаас эрчим хүчний хямд эх үүсвэртэй улсууд биткойн олборлолтоор амжилт олох ирээдүйтэй гэгдэж байгаа юм.

Биткойноор нэг гүйлгээ хийхэд 270 киловатт буюу дундаж америк өрхийн есөн өдрийн хэрэглээнд хүрэлцэх эрчим хүч шаардагддаг. Олборлогч компаниудын нийт орлогын 55 хувь нь эрчим хүчний төлбөрт явдаг гэсэн судалгааг Digiconomist хийсэн нь мөн л ирээдүйг нь хангалттай харлуулах үзүүлэлт. Цахим картаар нэг гүйлгээ хийхэд 10 ватт эрчим хүч карцуулдаг гэсэн тооцоо бий. Гэхдээ дээрх тоог баталгаатай үнэн гэж үзэж болохгүй. “Беванда” гэж өөр байгууллагаас дээрх тоог үгүйсгэж, биткойн олборлоход жилд 2.9-4.5 терраватт, нэг гүйлгээд 16 киловатт эрчим хүч зарцуулдаг гэсэн судалгааг сөргүүлэн тавьж байв.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *