Жэйсон Спэлберг: H-2 виз мэдүүлсэн 7 Монгол иргэн АНУ-д ажиллаж байна

– H-2 виз авсан хүмүүсийн гэр бүлийнхэн АНУ-д суралцах боломжтой байдаг-

“Игйл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлберг оролцлоо.

-Юуны өмнө цаг зав гарган ярилцаж байгаа танд баярлалаа. Өнгөрсөн жил Монгол улс АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2 хөтөлбөрт анх удаа багтсан. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн нэг жилийн дотор хэчнээн монголчууд H2 ангиллын виз мэдүүлж, хэчнээн нь АНУ-д энэ төрлийн визээр ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн жил Монголоос долоон хүн H2 ангиллын виз мэдүүлснээс бүгд өнөөдөр АНУ-д ажиллаж байна.

-H2 виз мэдүүлэн АНУ-д ажиллаж байгаа монгол иргэд аль хотод, ямар төрлийн ажил хийж байгаа тухай товч мэдээлэл өгөх боломжтой юу?

-Тэднийг яг аль хотод ажиллаж байгаа талаар нарийн хэлэх боломжгүй. Харин тэдгээр долоон иргэнийн H2 визний аль төрлөөр нь явсан талаар ярих боломжтой. Тэдний 4 нь ХАА-н чиглэлээр, харин үлдсэн 3 нь ХАА-н бус чиглэлээр АНУ-д ажил хөдөлмөр эрхэлж байна.

-АНУ-д Түр хөдөлмөр эрхлэх боломжтой H2 хөтөлбөрт Монгол улс энэ жил хоёр дахь удаагаа дахин багтлаа. Энэ хугацааг нэг нэг жилээр сунгадаг гэж сонссон. Улс орнуудын энэ визийг мэдүүлэх хугацааг дахин сунгах, эсвэл тухайн улс орныг хасахад ямар шалгуурыг тавьдаг вэ?

-Гол шалгуур нь хоёр улсын хамтын ажиллагаа. Мөн H2 ангиллын виз авсан хүмүүс визээ зүй зохистой ашиглах, ажлаа бүрэн дүүрэн гүйцээх, гэрээгээ дуусгаад Монгол руу эргэж ирэх зэрэг хамгийн чухал. Энэ тогтолцоог дагахгүй бол Монгол улс ирэх жилүүдэд энэ хөтөлбөрөөс хасагдах ч боломж бий. Үүнээс гадна өөр шалгуурууд мөн бий. Гэхдээ дээрх хоёртой харьцуулахад тийм ч чухал шалгуурт ордоггүй. Хамгийн чухал, үндсэн хоёр шалгуурыг нь дурдлаа.

-Одоогоор хэдэн улс орон энэ хөтөлбөрт багтаад байгаа вэ?

-Яг тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. 35-40 хавьцаа байгаа болов уу. Энэ талаарх тоог нээлттэй байдлаар олон нийтэд мэдээлсэн байгаа гэж бодож байна.

-Зарим хүмүүсийн дунд H2 виз мэдүүлэхийн тулд Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд шууд хандах хэрэгтэй гэсэн буруу ойлголт байна л даа. Та энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

-H2 ангиллын виз мэдүүлэх гэж байгаа бол ЭСЯ руу ирэхээс өмнө хэд хэдэн алхам байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Эхний алхам бол ажил олгогчоо олох явдал. Тухайн ажил олгогч нь H2 хөтөлбөрийн хүрээнд АНУ-д ажилтнуудыг авчрах зөвшөөрөлтэй газар байх хэрэгтэй.

АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авна. Улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах I-129 маягт бүхий өргөдлийг АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргах юм. Өөрөөр хэлбэл зөвхөн “I-129” өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горилогч нь АНУ-ын виз мэдүүлнэ гэсэн үг. Ажил горилогчийг АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээс өмнө дээрх өргөдөл нь баталгаажсан байх хэрэгтэй.

H2 ангиллын виз мэдүүлэхийн тулд үндсэндээ гурван алхмыг хийх хэрэгтэй. Хамгийн эхний алхам нь та ажлаа олохоос эхэлнэ. Хоёр дахь алхам ажил олгогч өргөдөл гаргана. Үүний дараагаар буюу гурав дахь алхам нь ЭСЯ-нд виз мэдүүлэх юм. Хүмүүс ихэвчлэн эхний хоёр алхмыг хийлгүйгээр шууд ЭСЯ-нд хандаж, виз мэдүүлэх гээд байдаг. Эхний хоёр алхмыг заавал бүрэн гүйцэлдүүлж, баталгаатай болгох хэрэгтэй.

-Тэгэхээр H2 ангиллын визээр одоо АНУ-д ажиллаж байгаа дээрх 7 монгол иргэн ажлаа өөрсдөө олсон гэсэн үг үү?

-Тийм ээ, тэд ямар нэг байдлаар ЭСЯ болон Засгийн газраас хамааралгүйгээр өөрсдөө эхлээд ажлаа хайж олсон гэсэн үг. Монголд байхдаа онлайнаар ажлаа судалж, олоод ажил олгогчидтой өөрсдөө шууд холбоо тогтоосон. Энэ долоон хүний 3 нь агентлагийн тусламжтайгаар ажлаа олсон, үлдсэн 4 нь өөрсдөө хувиараа олж, холбоо тогтоосноор өргөдлөө баталгаажуулж, виз мэдүүлсэн хүмүүс юм. Хэрвээ та өөрөө ажлаа хайж олохоор шийдсэн бол англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй болно. Учир нь АНУ-ын Засгийн Газрын веб сайт зөвхөн англи хэл дээр байдаг. Ажил олгогчидтой англи хэл дээр харилцах хэрэгтэй болно. Гэрээгээ англи хэл дээр хийх болно. Тийм учраас өөрөө хувиараа ажил олох гэж байгаа тохиолдолд хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй.

-H2 визтэй холбоотойгоор зуучлалын газрууд албан ёсоор зуучилж өгнө гэх мэдээлэл гарах боллоо. Мөн хөтөлбөрийн талаар зарим бизнесийн байгууллагууд зөвлөгөө тайлбаруудыг хийх болсон тухайд АНУ-ын ЭСЯ ямар байр суурьтай байгаа вэ? Энэ хөтөлбөрт зуучилж өгдөг албан ёсны зуучлалын газар гэж байгаа юу?

-Албан ёсны зуучлалын газар гэж байхгүй ээ. АНУ-ын Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч зуучилна гэсэн газруудад хориг тавиагүй, гэхдээ энэ нь тэднийг мөн дэмжиж байна гэсэн үг биш, нэг үгээр Засгийн газрын зүгээс энэ тал дээр ямар нэг оролцоо байхгүй гэсэн үг. АНУ-ын ЭСЯ болон Монголын Засгийн газар мөн адил байр суурьтай байгаа. Ямар нэг агентлаг, зуучлагч гэх зэрэг бизнесийн байгууллагуудыг хориглохгүй, бас дэмжихгүй. Зарим агентлагуудын хувьд итгэж болохуйц байж болох юм.

Гэхдээ үүнийг хэлэх хэцүү л дээ. Учир нь бид тэд агентлагуудыг санхүүжүүлдэггүй, тэдгээр газрыг санал болгоогүй. Хүмүүс нэг зүйлийг сайн санах хэрэгтэй байх. Тухайн хандаж байгаа зуучлагч газраас чинь боломжтой болоход хэтэрхий сайхан зүйл яриад, бүх зүйлийг амархан бүтчих юм шиг яриад байвал харин ч эсрэгээрээ бодит биш зүйл ярьж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөн үнэгүй үйлчилгээ үзүүлнэ гэж амлалт өгч байвал магадгүй АНУ-д ажилд зуучлах мэдээлэл өгөх биш, зөвхөн таны хувийн мэдээллийг авахыг оролдож байх магадлалтай гэдгийг санах хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулаад цаашаагаа дахин Маркетингийн компаниудад худалдах байдал түгээмэл болж байна. Тиймээс үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Виз мэдүүлээд очлоо гэхэд тэндээ очоод байрлах байр болон тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн даатгал зэргийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Байрлах байр, даатгал, цалин гэх зэрэг эдгээр асуудлыг АНУ дахь ажил олгогчдын мэдэх хэрэг юм. АНУ-д дагаж мөрдөж байгаа хөдөлмөрийн хуулийн дагуу эдгээр зүйлсийг шийдэх боломжтой. Виз мэдүүлж байхдаа гэрээгээ ямар байдлаар хийхийг асуудаг. Виз мэдүүлэгч хэдий хэр хэмжээний цалин хөлс авах, амралт авах, ажил олгогч нь байрны төлбөр болон тээврийн хэрэгслийн зардал өгөх эсэх гэх мэт зүйлийг тодорхой болгоно.

-АНУ-д Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх хөтөлбөрт багтсанаар тус улсад нэг жилийн хугацаатай ажил хийх боломжтой байдаг. Энэ хугацааг цааш нь үргэлжлүүлэх боломж байдаг уу?

-Тийм боломж байгаа. Хөдөө аж ахуйн бус буюу H-2B ангиллын виз авч ажиллаж байгаа тохиолдолд дээд тал нь гурав хүртэлх жилээр хугацаагаа сунгаж болдог. Ингэхдээ хугацаагаа жил жилээр сунгана. Мөн эх орондоо эргэн ирж виз сунгалтаа хийх юм.

-Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх эрх бүхий H2 ангиллын виз авсан хүмүүсийн гэр бүлийнхэнд энэ визийг олгох боломжтой байдаг уу?

-Виз авсан хүмүүсийн эхнэр, нөхөр болон 21-ээс доош настай, гэрлээгүй хүүхэд гэх зэрэг гэр бүлийн гишүүд нь хамт явах боломжтой байдаг.

-Гэр бүлийн гишүүдийн хувьд тэнд очоод ажил хийх, сурах боломж хэр байдаг вэ?

-Сайхан асуулт байна. Гэр бүлийн гишүүд нь очоод өөрсдийнхөө зардлаар суралцах боломжтой. Гэхдээ ажил хийх эрхийг хараахан олгох боломжгүй юм.

-H-2 ангиллын виз нь дотроо H-2A болон H-2B гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Нэг нь ХАА-н, нөгөө нь ХАА-н бус үйлчилгээний чиглэлийн ажил гэсэн байдаг. Энэ жил энэ хоёр ангилалд бусад улс орноос болон Монгол улсаас хэчнээн ажилтан авна гэсэн тоо байгаа юу? Яг тэдэн ажилчин авна гэсэн тодорхой тоог гаргадаг уу?

-ХАА-н бус чиглэлд олгодог H-2B визний хувьд жилд 60-65 мянгыг олгодог. Энэ нь хагас жилд энэ төрлийн визийг 33 мянгыг олгодог гэсэн үг. Эхний хагас жилийн виз 10 дугаар сарын эхээр тохиодог бол хоёр дахь хагас жилийнх 4 дүгээр сарын эхээр болдог. Харин ХАА-н салбарын түр хугацааны ажил эрхлэлтэд олгодог H-2A визний хувьд ажилчин хүлээж авдаг тодорхой тоо, хязгаарыг хэлэх боломжгүй юм.

-АНУ-д Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөтөлбөрт Монгол Улс багтаад нэг жил болж байгаа ч одоог хүртэл энэ хөтөлбөрийн тухай, энэ визний тухай төдийлөн сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад хөтөлбөрийн талаарх ойлголтыг өгөөч?

-H-2 хөтөлбөр нь АНУ-ын ажил олгогчдод улирлын үүдэлтэй, мөн түр хугацаанд ажиллах хүчин дутагдсантай холбоотойгоор бусад улс орноос ажилтан авах боломжийг олгосон гадаадын ажилчид түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай хөтөлбөр юм. Үүний тулд ажил олгогчид хэд хэдэн зүйлийг харуулах хэрэгтэй болдог. Нэгдүгээрт, тэд түр хугацааны ажилчид шаардлагатай байгаа гэдгээ харуулах хэрэгтэй болдог. Хоёрдугаарт, тэд ажиллах хүчний хомсдолд орсон ч Америк ажилчид дундаас хангалттай нийцэх хүн байхгүй байгаа тохиолдол.

Энэ хоёр шалгуур нь бусад орноос ажилтан авахад шаардлагатай H-2 визний зөвшөөрөл авахын тулд батлан харуулах ёстой хоёр гол шалгуур үзүүлэлт юм. Таны дурдсанчлан Монгол улс энэ визний ангилалд хоёр дахь жилдээ дахин багтсан нь сайн хэрэг. Гэхдээ H2 визээр зорчих үедээ баримтлах хариуцлагыг ихээхэн чухалчлан авч үзэж байгаагаа онцгойлон дурдмаар байна. Аливаа улс орныг энэ ангиллын визэнд багтаах эсэхээ өнгөрсөн жилийн нөхцөл байдал дээр нь тулгуурлан жил жилээр дүгнэн дараа жил нь дахин багтаах эсэхээ шийддэг. Өөрөөр хэлбэл 2019 онд H2 ангиллын визэнд багтсан ч 2020 онд Монгол улс багтахгүй, хасагдаж ч болно гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жил тухайн визээр явсан монголчууд яг хуулийн дагуу зөвхөн ажлаа хийж байгаад буцаж эх орондоо эргэж ирсэн үү, эсвэл сураггүй болсон уу, хууль бус ямар нэг зүйл хийсэн үү гэх зэргээс шууд шалтгаалах юм.

-Зарим хүмүүс ЭСЯ-нд визний хураамж төлчхөөд байхад виз гарсангүй гэх зэргээр ихээхэн бухимдалтай хандах тохиолдол байдаг. Энэ тухайд хариулт өгвөл?

-Тухайн төлбөр нь маягтын төлбөр болохоос визнийх биш юм. АНУ-ын энэхүү бодлого нь өнөөдөр зөвхөн Монголд биш дэлхий даяар адилхан үйлчилж байгаа. Энэ бол үр дүн нь ямар гарахыг мэдэхээсээ өмнө маягтын төлбөр болгож төлж байгаа үйлчилгээний нэг төрлийн хураамж. Ярилцлага хийх, хурууны хээ шалгах гэх зэрэг маш их шалгах зүйл шаардлагатай байдаг. Тэр бүхэн маш өндөр өртөг шаарддаг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Танд H2 болон бусад төрлийн виз, магадгүй тэдгээрээс өөр зүйлийн талаар хэлэхийг хүсч байгаа зүйл байж магадгүй юм?

-Бидэнд шаардлагатай байгаа ганц чухал зүйл нь зөвхөн H2 виз ч биш, бүхий л төрлийн визээр зорчихдоо гаргах аяллын хариуцлага болоод байна. Тэр дундаа H2 виз онцгой гэж хэлж болно. Бидэнд виз мэдүүлэхдээ аяллаар явна гэсэн бол аяллаар яваад л буцаад ирэх хэрэгтэй.

Бидэнд бидний итгэл, итгэлцлийг үргэлжлүүлж, улам эрчимжүүлэх тийм хүмүүс хэрэгтэй. Бидэнд нэг асуудалд тулгараад байгаа нь АНУ руу яваад визний хугацаагаа хэтрүүлж, хууль бусаар орших явдал болоод байна. Бидэнд аяллаар явна гэж виз мэдүүлсэн бол аяллаар л яв, сурна гэж хэлээд виз мэдүүлсэн бол суралцаад л эргээд ир, хэрвээ та H2 ангиллын визээр олгогддог түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх хөтөлбөрт хамрагдсан бол хуулийн дагуу ажлаа хийгээд буцаад эх орондоо эргээд ирэх хэрэгтэй. Ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *