Хүүхдэд үйлчилсэн ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгоно

Томуугийн вирусийн тархалт нэмэгдэхээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоохоор болсон билээ.

Дээрх хугацаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байгаа юм.

Уг захирамж хүчин төгөлдөр хэрэгжиж буйг сурвалжлахаар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гэгддэг “Тэнгис” кинотеатрыг зорьсон юм. Үдийн 15.00 цагийн орчимд тус кино театрын хүлээлгийн танхимд бага насны хүүхдээ хөтөлж яваа эцэг эхчүүд цөөнгүй харагдлаа. Тэдний дийлэнх нь дээрх захирамжийн талаар мэдээлэлгүй, хүүхэдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхээр ирсэн гэдгээ учирлалаа.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААР ХҮҮХДЭЭ ДАГУУЛЖ ЯВБАЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Үйлчилгээний газраар бага насны хүүхдээ дагуулж явбал 100 мянгаар торгох хуулийн заалт бий гэдгийг холбогдох байгууллагаас анхааруулж буй. Хэрэв үзвэр, үйлчилгээний газраар хүүхдээ дагуулж явбал хүүхдийн эрхийг зөрчсөнд тооцож, эцэг эхэд Зөрчлийн хуулийн 6.20-ийн дагуу арга хэмжээ авах юм байна.

Харин иргэн, Аж ахуй нэгжийн /ААН/ үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв дээрх захирамжийг зөрчвөл тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох, Зөрчлийн тухай хуулийн 6.17,2-т зааснаар ААН-ийг 500 мянган төгрөгөөр, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох юм.

Үзвэрийн танхимаас хоёр хүүхдээ хөтлөөд гарч яваа залуу бүсгүйг Б.Пагмадулам гэдэг. Тэрбээр золголт хийхээр Сүхбаатар аймгаас зорин ирсэн нь энэ юм. Бүсгүй хэлэхдээ “Томуугийн тархалтаас урьдчилан сэргийлсэн захирамжийн талаарх мэдээлэл огт аваагүй. Ханиад томуунаас сэргийлж хөл хөдөлгөөнийг нь багасгах зөв. Гэхдээ хүүхдээ байнга гэрт тоглуулалтай нь биш ганц хоёрхон цагаар аваад гарахад асуудал үүсэхгүй гэж бодож байна. Орон нутагт ханиад томуугийн дэгдэлт харьцангуй бага байдаг. Сая тасалбар авахад энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Захирамжаа мөрдье гэвэл эцэг, эхчүүдэд тасалбар худалдахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Дараа нь бид Сүхбаатар дүүрэгт байрладаг ПС тоглоомын газруудаар ороход тус захирамжийн талаарх мэдээлэл муутай байсан бөгөөд хэвийн ажиллаж байв.

Дэлгэрэнгүйг ЭНД – ээс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *