Саалийн үнээний тэжээл өгснөөс найман морь үхжээ

Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд хурдан удмын найман морь үхэж, мал эмнэлгийн байгууллага газар дээр нь очиж шинжилгээ аваад байгаа билээ.

Шинжилгээний хариуны талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбишээс тодрууллаа. “Хурдан удмын морь үхсэн талаарх мэдээлэл энэ сарын 8-нд манайд ирсэн.

Дуудлагын дагуу манай мэргэжилтнүүд ажиллаж, шинжилгээ авч лаборатори руу явуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарах байсан ч гараагүй байна. Одоогийн байдлаар нэг айлын найман морь үхсэн.

Морьд үхсэн шалтгааныг урьдчилсан байдлаар нэмэлт тэжээлтэй холбоотой гэж үзэж байна. Учир нь саалийн үнээнд өгдөг нэмэлт тэжээлийг морьдод өгсөн байсан. Мөн тунг нь хэтрүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, морьд халдварт өвчнөөс болж үхээгүй, хордлогоос болж үхсэн байх магадлал өндөр байна” гэлээ.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *