Хэт хуурайшилттай хавар болох төлөвтэйг цаг уурчид анхаарууллаа

Өнгөрч буй өвлийн сарууд олон жилийн дундажтай харьцуулахад 1-3 хэмээр дулаан ч хур тунадас, цас багатай өвөл байлаа.

Хоёр улирлын заагтай золгож буй энэ үед өнгөрч буй өвлийн дундаж агаарын хэм болон ирэх хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас бид тодрууллаа.

Олон жилийн дундажтай харьцуулахад энэ өвлийн улирлын уур амьсгал болон дундаж хэм ямар байсан талаар танилцуулахгүй юу?

Арваннэгдүгээр сар хүртэл уур амьсгал тогтонгуй, олон жилийн дундажтай харьцуулахад хүйтний эрч харьцангуй тогтвортой байсан бол арванхоёрдугаар сарын эхээс хүйтний эрч чангарч эхэлсэн. Гэсэн хэдий ч нэгдүгээр сар олон жилийн дунджаас харахад харьцангуй дулаан сар байлаа.

Түүнчлэн энэ /хоёрдугаар/ сарын хувьд өнгөрсөн жилүүдийн мөн үетэй харьцуулахад хэвийн дундаж температуртай байгаа ч ихэнх нутгаар салхи ихтэй байна. Тийм учраас “Жаврын температур” буюу олон улсад “Feels Like” хэмээн нэрлэж заншсан температурын хэмжээ нэмэгдэж, иргэдэд илүү хүйтэн байгаа мэт мэдрэгдэж байгааг тайлбарлах нь зүйтэй.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын эхэн өдрүүдэд ч мөн энэ жилийнхтэй ойролцоо температуртай байсан. Хүйтний эрч энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд түүнээс цааш сулрах төлөвтэй байгаа.

Мөн хоёрдугаар сарын сүүл болон гуравдугаар сарын хувьд олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байна.

Энэ өвлийн хувьд цас, хур тунадас тун багатай өвөл болсон талаар иргэд их ярьцгааж байна. Одоогоор нийт нутгийн хэдэн хувь нь цасан бүрхүүлтэй байна вэ?

Хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 46 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтайн өмнө тал зэрэг нутгаар энэ өвөл цас ороогүй байсан ч өнгөрсөн өдрүүдэд бага хэмжээний цас орсон.

Зураг 1. 2019.2.10-ны байдлаар нийт газар нутгийн цасан бүрхэцийн хэмжээ 46 хувьтай байна.

Харин Баян-Өлгийн хойд хэсэг, Завхан, Увс зэрэг аймагт бусад нутгийг бодвол харьцангуй цастай байна.

Түүнчлэн гуравдугаар сард Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн зүүн хэсэг, Баян-Өлгий аймгийн баруун хэсгээр бага зэргийн цас орох төлөв ажиглагдлаа.

Манай улсын нийт нутгийн цасан бүрхүүл дунджаар 3-4 сарын хооронд хайлж, арилдаг. Харин энэ жилийн хувьд хоёр болон гуравдугаар сар харьцангуй дулаан байх төлөвтэй байгаа тул нутгийн цасан бүрхүүлийн хэмжээ эрт хайлах магадлалтай байна. Мөн нийт нутгийн 50-иас илүү хувь нь цасгүй байгаа тул энэ хавар хуурайшилт ихтэй байх дүр зураг бидэнд харагдаж байна.

Зураг 2. 2018.2.10-ны байдлаар нийт газар нутгийн цасан бүрхэцийн хэмжээ 56 хувьтай байжээ.

Зураг 3. 2016.02.01-ний байдлаар нийт газар нутгийн цасан бүрхэцийн хэмжээ 72 хувьтай буюу газар нутгийн дийлэнх нь цастай байсан нь тус тус харагдаж байна.

Ийнхүү энэ жил бага хэмжээний цас орсны гол учир, шалтгаан юу бол?

Үүнд маш олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөж буй уур амьсгалын өөрчлөлтөөс болж цаг агаарын нөхцөл байдал, агаарын хэм ихээхэн хэлбэлздэг болсон.

Тухайлбал, энэ өвөл Европ болон АНУ-ын бүс нутгаар маш зузаан цас орж, хүйтэн өвөл болж байхад Австралийн бүс нутагт эсрэгээрээ маш халуун зун болж байна. Мөн Азийн төв хэсгээр харьцангуй бага хур тунадастай байх гэх мэт харилцан адилгүй уур амьсгал, агаарын хэмтэй байгаа юм.

Энэ бүхэн нь агаар мандлын урсгалтай гол хамааралтай гэж хэлж болно.

Цас багатай өвлийн улирлыг дагаад хаврын улиралд салхи, шуурга ихэсдэг тул хуурайшилтыг улам нэмэгдүүлж, ой хээрийн түймэр, хаваржилт, мал төллөлт зэрэгт хүндрэл учирж болзошгүй байгаа тул малчид болон нийт иргэдийг эртнээс хаваржилтын бэлтгэлээ базаахыг ЦУОШГ-аас зөвлөлөө.

source: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *