Монгол хэлний шалгалтад унавал их, дээд сургуульд элсүүлэхгүй

Улс орон даяар өнөөдөр 09.00 цагаас 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын онлайн бүртгэл эхлээд байна. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилж, хаагдах юм.

Энэ жилийн ЭЕШ-ын нэг онцлог нь их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас тогтоожээ. Уг шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-нд зохион байгуулна. Хэрэв дээрх өдөр зохион байгуулсан шалгалтад 400-гаас доош оноо авбал хоёр дахь удаагаа зохион байгуулах Монгол хэл бичгийн шалгалтыг дахин өгөх боломжтой. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар эхний шалгалтад орж чадаагүй нь хоёр дахь удаагаа буюу дөрөвдүгээр сарын 20-нд товлогдох энэхүү шалгалтыг өгч болно.

Хэрвээ хоёрдахь удаагаа Монгол хэл, бичгийн шалгалт өгөөд босго оноог авч чадаагүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй, дараа жилийг хүлээх хэрэгтэй юм байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Монгол хэл, бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй бол энэ жилийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай аж. Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь эх найруулан бичих, 25 хувь нь монгол бичгийн даалгавар байх юм. Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй. Бусад хичээл тус бүр нь 5,800 төгрөг, хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн бай батламж хуудас нь 700 төгрөг.

Энэ талаар өнөөдөр /2019.02.14/ Боловсролын үнэлгээний төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Монгол хэл, бичгийн шалгалт нь заавал хамрагдах шалгалт юм байна.

ЭЕШ-ын бүргэл эхэлсэнтэй холбогдож, Боловсролын үнэлгээний төвөөс сургуулиудад очиж, 12 дугаар ангийн сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Бүртгэл онлайнаар явагдаж байгаа учраас хүссэн цаг хугацаандаа хаанаас ч бүртгүүлэх боломжтой.

Мөн мэргэжил сонголтоо зөв хийх. Учир нь өгөх шалгалтуудаа баталгаажуулсан тохиолдолд солих боломжгүй. Тиймээс мэргэжлээ зөв сонгохын тулд эцэг, эх, багштайгаа зөвлөлдөх, түүнийхээ дагуу шалгалтаа сонгон бүртгүүлэх ёстойг тэд зөвлөлөө. Нийтдээ 10 хичээлээс сонголт хийнэ. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх ёстой бол дээд тал нь 10 хичээлээр ч шалгалт өгөх бололцоотой.

ЭЕШ-ын дүнг шалгалт өгсөн даруйд гаргана

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээ шууд мэдэх боломжтой шилэн технологийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр 21 аймаг есөн дүүргийн элсэгчид шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломж бүрдэж байна. Урьдчилсан байдлаар энэ жил 20 мянга гаруй шалгуулагч бүртгүүлэх тоо байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилүүдээс буурсан тул 30 байршилд шалгалт авахаар болжээ. Үүнээс орон нутагт 22, нийслэлийн найман байршилд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах юм байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Энэ жил шалгуулагчид шалгалтаа өгсөн даруйд дүнгээ мэдэх боломж бүрдэж байна. Өмнө нь шалгалтын дүнгээ 14 хоногийн дараа мэддэг байсан. Техникийн аюулгүй байдлын хувьд төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэгдсэн. Программ хангамжийг нь Монгол инженерүүд бүтээсэн. Энэ технологийг 2018 онд хоёр аймагт туршсан. Жишээ нь, Ховд аймагт 1400 хүүхэд шалгалт өгөхөд ямар нэгэн асуудал гараагүй” гэлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дууссанаас хойш ямар нэгэн байдлаар сунгахгүй бөгөөд баталгаажуулсан тохиолдолд өөрчлөх боломжгүй гэж Боловсролын үнэлгээний төвийнхөн онцоллоо.Бүртгүүлэгч ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглаж Боловсролын үнэлгээний төвийн сайтаас өөрсдийн суудлын хувиараа хэвлэж авах боломжтой юм байна.

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг хичээлийн шинэ жил дууссанаас хойш гурав хоногийн дараа буюу ирэх зургадугаар сарын дунд үеэс зохион байгуулах саналаа Боловсрол соёл шинжлэх ухаа, спортын яаманд хүргүүлсэн байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж дууссанаас хойш гурав хоногийн дараа батламж хуудсыг олгохоор болжээ. Ингэснээр элсэгчид их дээд сургуульд бүртгүүлэх боломж бүрдэх юм.

Шалгуулагчид онлайнаар бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

– Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

– Өнгөт чээж зураг файлаар /цээж зураг нь 3х4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

– Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт

– Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн өмнөх оны шалгуулагчдад хамаарна/

– И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлэх юм байна. Түүнчлэн гадаад улс оронд суралцаж буй сурагчдын тухайд онлайнаар бүртгүүлсэн бол өөрийн биеэр ирж элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө.

ЭЕШ-ын талаар мэдээлэл авах бол Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/index.html вэб хуудсаар нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *